Биологич, байгаль хамгаалагч талийгаач Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг БОНХАЖЯ-ны удирдлагууд, талийгаачийн ар гэр, ажлын газрын хамт олон, багш, судлаачид, МБОИЗ, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлийн хамт БОНХАЖЯ-ны Хаан танхимд зохион байгуулав.
Тэрээр 2010 онд Монгол Улсын Их Сургуулийг Биологич мэргэжлээр төгсөн “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаач байгаль хамгаалагчаар ажиллаж байсан юм.
Ажиллах хугацаандаа цоохор ирвэс, янгир ямааны судалгааг “Хос ажиглагчийн арга” ашиглан хийхийн зэрэгцээ, орон нутгийн иргэдэд болон хүүхэд залууст байгаль орчны талаарх мэдлэг олгох сургалт, судалгааны ажлыг санаачлан амжилттай зохион байгуулан ажилласан нэр хүндтэй, залуу судлаач байлаа.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ “Талийгаачтай уулзаж үзээгүй ч түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар, мэргэжилдээ эзэн болсон байгальд элэгтэй нэгэн байсныг журмын нөхөд, ар гэрийнхэн, ахмад ажилтан, эрдэмтэн судлаачдаас сонсож мэдлээ.
Дэндүү ихийг бүтээх цэл залуухан насандаа хорвоог орхисонд нь гүнээ харамсаж байна. Түүний хийсэн бүтээсэн үйл ажил бүхнийг үргэлжлүүлэн, дэлхийд ховордсон цоохор ирвэсийг хамгаалж, талийгаачийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийнэ” хэмээн хэллээ.
Талийгаачын ах Т.Ганболд дүүгийнхээ хэрхэн анх биологич мэргэжлийг хүсэн байж сонгосныг хоолой зангируулан ярьж байсан бол Ирвэс хамгаалах сангийн хамт олноос талийгаачийн амьд ахуй цагтаа хийж, хэрэгжүүлж байсан үйл хэргийг баримтат кино болгон үзүүлсэн юм.