УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Тогтоолын төсөл батлагдсанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч байгаа юм.
Тодруулбал, Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан Ноён уулын 11 мянган га талбайг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авав.
“Ноён” уул нь Төв Азийн бүсийн хойд сэжүүрт оршдог, ой багатай Монгол орны өвөрмөц тайгын бүсийн байгаль, Туул, Онон, Хэрлэн гурван голын эхийг хамгаалах, эзэн Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлөн үлдээх, байгалийн хувьсал өөрчлөлтийг судлах, шинжлэх ухааны мөнхийн загвар нутаг юм.
Мөн чуулганы хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай”  УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, гишүүдийн  61.1 хувь нь уг тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм.