ИЛ ЗАХИДАЛ
Эрхэм хүндэт сонгогч танаа.
Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлөөс Эрхэм сонгогч таны амрыг эрэн энэхүү захидлыг илгээж байна.
Монгол төрийн жолоог сонгогч та зөвхөн нэг л өдөр шууд атгаж өөрийн төлөөний нэр дэвшигчээ төрийн түшээгээр сонгох саналаа өгөх чухал өдөр ойртсоор.
Эрхэм сонгогч та байгаль эхийн бүтээгдэхүүн түүний хүү охин, үр сад. Тиймээс энэ удаагийн сонгуульд хөгжлийг байгальд ээлтэй төлөвлөж, чадах байгаль орчин, хүний тэгш эрх, шударга ёс, байгалийн баялгийн тэгш шударга хуваарилалтын төлөө, зоригтой дуугарч, төр засгийн шийдвэрийг төлөөлж чадах тийм нэр дэвшигчид саналаа өгнө гэдэгт итгэж байна.
Монголын Байгаль орчны иргэний зөвлөл энэ жилийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх 498 нэр дэвшигчээс ийн “Ногоон” буюу “Эко нэр дэвшигч”-36 хүнийг сонгон авч тусгайлан дэмжиж байгааг сонгогч та бүхэнд дуулгахад таатай байна.
Нам, эвсэл, бие даагчдаас сонгуулийн мөрийн хөтөлбөртөө улс орны хөгжлийн бодлого, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, арга зам, шинэ менежмент, хамтын ажиллагааг тусгасан байдлаар нь дүн шинжилгээ хийж, нэг нам эвслээс 5-9 нэр дэвшигчийг “Ногоон хөтөлбөртэй нэр дэвшигч”-ээр тодруулан сонгон авч, сонгогдсоны дараа УИХ дахь “Ногоон бүлэг” байгуулах зорилт тавьж тойргийн сонгогчдод нь энэхүү тусгай захидлыг илгээж байна.
2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн өмнөх хугацаанд Засгийн газар зарим улс төрийн хүчнүүдээс улс орны хөгжлийн бодлогоор халхавчлан байгаль орчин, нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг золиослох, үндэсний аюулгүй байдал, хүн, мал амьтны эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, экологийн тэнцвэрт ноцтой хохирол учруулахуйц шийдвэр, хууль эрх зүйн актуудыг гарган зүтгүүлсээр байна.
Ингэснээр байгаль орчныг хамгаалах талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ ухарч байгааг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, түүний гишүүн байгууллагууд, иргэд бусад холбоодын зүгээс тэмцлийн олон арга хэлбэрээр хатуу анхааруулан шүүмжилсээр байгаа билээ.
Монголын ард иргэд сонгогчид ногоон хөгжлийн чиг баримжаатай хөгжлийн замыг сонгож, байгаль орчин, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж ажилладаг, үүрэг хариуцлага хүлээдэг төр засагтай байхыг хүсч байна.
Мөн “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын үр дүнг илэрхийлсэн үзүүлэлтүүд, Тогтвортой хөгжлийн зорилтууд дахь Байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах 5 зарчим, Усны нөөцийн нэгдсэн менежмент, Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зэрэг асуудлуудаас гадна, эдгээр асуудлуудын хүрээнд дараах байгаль орчны тулгамдсан асуудлуудыг заавал тусгах саналыг тусгайлан хөтөлбөртөө нэмэх саналыг сонгосон нэр дэвшигчдэд уриалж, үүний хэрэгжилтийг сонгогч та бүхэнтэй хамтран хянаж ажиллах болно.
Эрхэм сонгогч таны үзэгний үзүүрт Монгол орны маань Тогтвортой ногоон хөгжлийн төлөө түүчээлэн зүтгэх Эко нэр дэвшигчийн хувь заяа байгааг битгий мартаарай!
2016 оны 6 дугаар сарын 29-ний билэгт сайн өдөр эрхэм сонгогч таны “Ногоон сонголт” мэргэн байх болтугай!
Төрийн мэлмий тунгалаг,
Түмэн олон амгалан,
Ус гол цэнгэг,
Уул овоо нь ариун дагшин байх болтугай!
Монголын Байгаль орчны иргэний зөвлөл
2016.06.11