МБОИЗ-ийн төлөөлөл УИХ-ын өргөдөл гомдлын байнгын хорооны хуралд оролцов

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 12 сарын 21-ний өдрийн хуралдаанаар уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хэлэлцэхэд МБОИЗ-ийн төлөөлөл ТББ-ууд, МХЕГ, ЦЕГ-ын харъяа БОХЖЭГХТ тасгийнхан, БОАЖЯ-ны төлөөлөл оролцож, гишүүдийн асуултанд тодруулга өгч байр сууриа илэрхийлэв.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар судалсан байна.

УИХ-ын гишүүдийн судалж тогтоосоноор Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54.11 дэх хэсэгт Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлнэ гэж заасныг хэрэгжүүлэх журам гаргах шаардлагатай аж.

Иймээс Байнгын хорооноос Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуульд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх саналтай байна гэлээ.

МБОИЗ-ийн төлөөлөл уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр газрыг ихээхэн сүйтгэж, мал бэлчээрлэх газаргүй болгож байгаагаас гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтаас үүдэлтэй учирч буй хохирол, уул уурхайн шууд болон дам нөлөөний талаар мэдээлж нэн яаралтай энэ асуудалд анхаарахыг хүсэв. Мөн Туул голын дагуу үйл ажиллагаа явуулж буй  ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоох, лиценз цуцлуулах тухай хүсэлт гарган, байгаль орчинд учруулж буй хохирлын талаар тодорхой мэдээлж гомдол гаргасан байна.

Мөн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Орхон голын бохирдлыг зогсоосон эсэх, мөн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой ямар арга хэмжээ авсан талаар тайлбар хүссэн юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаярын өгч буй тайлбараар тус газар гурван удаа ажлын хэсэг ажилласан, Орхон голтой холбоотой тайлан хараахан ирээгүй байна гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба өгсөн тайлбартаа “Орон нутгийн ИТХ-аас тогтоол гардаг, энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцдэггүй. Бичил уурхайн нэрийн дор байгаль сүйтгэж байгаа нь үнэн. Энэ ажлыг таслан зогсоох арга хэмжээ авдаг ч бодит үр дүнд хүрэхгүй байна. Иймд хууль эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага тулгараад байна” гэв.

Сүүлийн дөрвөн жилүүдэд бичил уурхайтай холбоотой гэмт хэрэг өссөн үзүүлэлт гарсан байна. Нийт 210 хэрэг бүртгэгдсэнээс 11 орчим хувь нь шүүхээр шийдвэрлэгджээ.

Мөн БОАЖЯ-ня мэргэжилтэн Саран, уул уурхайн хайгуул, олборлолтын лиценз авахад маш боловч, эргэж цуцлах хууль эрх зүйн үндэслэл бүрдээгүйгээс одоо болтол цуцалж болохгүй байгаа талаар тодорхой тайлбар өглөө.