2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 2 өдөр үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал нар оролцлоо.
Жил бүр Монгол Улсын Засгийн газар, Орчныг бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин аялал жуулчлалын яам, нийслэлийн ЗДТГ зэрэг бүхий л салбарын байгууллагууд хамтран, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж байгаа иргэн аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэхүү үзэсгэлэнг зөвхөн жилд нэг удаа зохион байгуулах бус шинэ технологийн талаарх мэдээллийг иргэд байнга авах хүсэлтэй байдаг. Тиймээс БОАЖ, НЗДТГ хамтран гэр хорооллын бүсүүдэд орчин үеийн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж байгаа аж ахуй нэгжүүдтэй хамтран мэдээллийн төвүүдийг байгуулах юм байна.
Үзэсгэлэнд төрийн 12 байгууллага, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж 50 орчим аж ахуй нэгж, төрийн бус байгууллагууд оролцлоо.
Үзэсгэлэнд байгаль орчны ТББ-уудыг төлөөлөн Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн (МБОИЗ) мэдээллийн булан ажиллаа. Мөн МБОИЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Басандоржийн “Ховдтул” ХХК-ийн эко жорлон, халаалтыг танилцууллаа. Эко халаалт гэдэг нь эрчим хүчний болон эдийн засгийн хувьд уламжлалт технологиос ихээхэн хэмнэлттэй, инноваци шингэсэн, туршигдсан, үр дүн нь тодорхой технологийн шийдэл юм. “Ховдтул”ХХК нь уснаас дулаан үйлдвэрлэх 3-90 кВт хүчин чадалтай төрөл бүрийн экоэлектрон зуухнуудыг үндэсний стандартын дагуу үйлдвэрлэн нийлүүлж, угсралт, ашиглалтыг хариуцдаг. Түүнчлэн тус компани хөрсний бохирдолгүй амьдрах боломжтой нүхэн жорлонг хэрэглэгчдэд санал болгож байгаа нь үзэсгэлэн сонирхогч иргэд эдгээр бүтээгдэхүүнүүдийн эко шийдлийг ихээр сонирхож байна.