Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохиог Тайхар чулуу хэмээдэг. VII-IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.
Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж(хар эрэг)-тэй, харалдаа ард нь тайхар чулууруу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай(улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг.
Эрт цагт аварга могой газраас цухуйн хамаг амьтныг залгин гамшиг тарьж байх үед Бөхбилэг гэдэг хүчтэн Булган уулаас Тайхар чулууг авч үүрч Цагаан даваагаар давж тэр уулын оройгоос Могойн толгой руу шидэн даржээ. Ингээд энэ чулууг эхлээд Тархи чулуу гэж нэрлэдэг байсан нь хожим хувирч Тайхар чулуу гэх болжээ. Бөхбилэг уг чулууг үүрч явахдаа Шивэрт хэмээх аманд хэсэг амарсан гэнэ. Тэгтэл чулуу тавьсан газар нь цөмөрч ус олгойдон гарсан гэдэг. Ингэж шивэртийн халуун Рашаан үүссэн домогтой. Мөн могойн сүүл цухуйсан газрыг Шивэрт гэж нэрлэжээ.