ЧУЛУУТ ГОЛ

Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.

Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с, усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ.

Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 60-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана.

Энэ хүрмэн чулуу нь Хорго орчмын галт уулын дэлбэрэлтийн үед урсан ирсэн магмын бүтээгдэхүүн юм. Чулуут голд Ихжаргалант гол, Хүрэмт гол, Туул гол, Ажирга гол, Хангал гол, Бумбат гол, Өлзийт гол, Мөрөн гол, Уужим гол, Даага гол, Ацат гол, Тээл гол, Суман гол зэрэг олон гол горхи цутгана. Чулуут голын савд хойд өргөрөгийн 47°49′, зүүн уртрагийн 100°15′-ын солбицолд гидрокарбонат сульфат натрийн найрлагатай, үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаах чанартай халуун, бүлээн рашаан оршдог. Энэ голын савд Чулуут, Тариат, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутагт орших Чулуут голын хадны зургийг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.