Хоргын тогоо

0
14436

Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 километр зайд байдаг Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уул бөгөөд 8 мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ.   Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Дархалсан талбай нь 50 хавтгай дөрвөлжин километр. Далайн төвшнөөс дээш 2240 метр бөгөөд ойр хавийн хүрмэн хад асга, ангал, хавцал гайхам сонин тогтоцтой, агуй, хонхор гүдгэр ихтэй. Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50 метр зузаан хүрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг. Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг.

Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гүнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Ар болон амсраар нь хуш, шинэсэн ой ургадаг. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно.

Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хөөс царцан хагарч 170 орчим сантиметр өндөртэй хүрмэн чулуун гэрийн “тооно”, “үүд” бий болгон тогтсон нь энэ.. Цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг.                                            Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуун  агуй хонгил элбэг. Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг  галт уул бий. Тэдгээрийн дундуур Суман, Гичгэнэ, Чулуут голууд хөөсрөн урсдаг нь Хоргын тогооны бүс нутгийн бас нэгэн гайхамшигт чимэг болдог.  

Хоргын тогооны орчимд Өвгөн хад, Тэрхийн цагаан нуур, нуурын арал, Шар нохойн там, мөсөн хонгил, Залуусын агуй зэргийг үзэж сонирхон аялахад тохиромжтой. Домгоос өгүүлбэл, Эрт үед худгаас ус авсан хүмүүс худгаа таглахаа мартсанаас болж их хэмжээний ус олгойдон гарч хөндийг дүүргэн сүйд болжээ. Хүмүүс “хоргоогоорой” хэмээн хашгирч байснаас “Хорго” хэмээх нэр үүсэж, хоргоогдож тогтсон ус нь Тэрхийн цагаан нуур болжээ гэдэг.