Булган уул

Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог. Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг Байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан.  1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ.

Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж , Хойд, Урд Тамир голын хоорондуур , усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт – хан Өндрийн нурууны дорнот хэсэгт Булган уул оршдог.

Булган уулын үнэмлэхүй өндөр 1980 м, харьцах өндөр 280 м юм.Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэн сайхан 2 уулыг Дунд Булган, Хойд Булган гэж нэрлэдэг. Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км үргэлжлээд Хамарын нуруу залгана.Хамарын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойт захад 2125 м өндөр Тоомын таг оршино. Дархан газрын умарт хэсгээр буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай зэрэг ан амьтад мэр сэр тохиолдоно.Энд гүзээлзгэнэ, хад, тошлой, тэргүүтэй жимс жимсгэнэ, таван салаа, тарваган шийр, сөд, царван, албан гагнуур ,ганга зэрэг эмийн ургамал элбэг.

Булган ууланд түүхийн дурсгалт зүйлс нэлээд бий.Уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг.
Булган уул нь урд болон зүүн зүгээсээ цагаан зааны дүртэй, баруун болон хойд талаасаа бууж байгаа Чойжон сахиусны дүртэй хэмээдэг. Хайрханы эзэн тэнгэр нь Нисэр хангай. Хойд талаас Сайд чин вангийн хошууны ноёд, ард иргэд Хан-Өндөрийн хүрээний лам хуврага нар, урд талаас Заяын шавь нар тус тусдаа болон хамтаар тахидаг байжээ.