ХБНГУ-ААС МОНГОЛ ОРНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХАД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

0
1304

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р   шатыг хэрэгжүүлэгч талуудын хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус төслийн 2, 3-р  шатыг хэрэгжүүлэгч талууд хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сэргээн Босголтын Зээлийн (KfW) банкны төслийн менежер Нина Отто, төслийн 2, 3-р  шатанд хамрагдах Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурж, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Др.Михаил Йоханнес Фернау, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл зэрэг албаны хүмүүс оролцлоо.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р  шатанд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан нийт 27,5 сая еврогийн төсөл хэрэгжинэ. Энэ төсөл нь ТХГН-ийн Баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн газар зүйн хувьд томоохон (кластер) бүс нутагт болон бусад бие даасан ТГН-т 2019-2026 оны хооронд хэрэгжинэ.

Төслийг кластер хэлбэрээр хэрэгжүүлэх гол зорилго нь эдгээр бүсүүдэд сум орон нутгийн удирдлагын болон байгаль хамгааллын чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, ТХГН болон эко-коридор нутгуудын хамгаалалт, ашиглалт, орон нутгийн тогтвортой хөгжлийг нэгдмэл байдлаар хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэхэд оршино. Энэхүү зорилгод хүрэхийн тулд орон нутгийн засаг захиргаа, аймаг, сум, малчдын нөхөрлөл болон хувийн хэвшилтэй хамтран хамтын зохицуулалттай менежментийг хэрэгжүүлэх гэдгийг төслийн багийхан олцолж байлаа.