Зам хөгжил дагуулдаг ч…

0
361

Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкнуудын санхүүжилтээр бүтээн байгуулсан Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумыг дайран өнгөрдөг бөгөөд сумыг тус замаар 2 хуваасан нь тэнд буй ард иргэдийн аж амьдралыг хэвийн биш болгосон талаарх санал гомдол МБОИЗ-ийн гишүүн байгууллага болох “Хөгжилд хүрэх түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн П.Дагвадоржоос ирүүлсэн билээ. Иймд МБОИЗ-ийн удирдлагын баг болон ажлын алба тухайн орон нутагт ажиллаж нөхцөл байдлыг судлан үнэлж цаашид авах арга хэмжээг тодорхойлон тайлбар мэдээлэл авлаа.

Уг зам 2019 оноос хойш баригдаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа бөгөөд энэ үеэс хойш Баянгол сумын төвийг дундуур нь дайран өнгөрөх замын засвараас болж замын баруун талд байрлах айл өрх, албан байгууллагууд үйл ажиллагаагаа бүрэн явуулж чадахгүй болж үйлчилгээний байгууллагуудын орлого буурч тухайн замаар сумын төв рүү зорчиход аюул эрсдэл үүсээд байгаа юм. Тухайн бүсд үйлчилгээ эрхэлдэг, мал аж ахуй эрхэлдэг, газар тариалан өрхийн аж ажуй эрхэлдэг 300-д айл өрх байгаа бөгөөд тус замын даланг босгохдоо мал амьтны зорчих нүхэн гарц эсвэл аюулгүйн гарц хийгээгүйгээс болж мал бэлчээрлэх газаргүй зүүн талаараа шинэ тавигдсан хурдны зам, баруун талаараа төмөр замд хязгаарлагдсан байна. Замаас гарах гарц орцыг хааж хашлага хаалт хийж байгаа тул эдгээр айлуудад түргэн тусламж, галын машин орох боломжгүйгээс эрсдэл учирч түрүүчээсээ хохирол амссан иргэд цөөнгүй байгаагаас гадна, замын гарц тэмдэг тэмдэглэгээ муугаас болж явган зорчих үедээ авто осолд ч орсоор байна. Хүний анхан хэрэгцээ болох ундны усаа заавал зам гарц авдаг тул гарцгүй, саад хашлагатай замаар гарц усаа авах нь ч том бэрхшээл болжээ.

Нэгэн ажлыг хийж зам тавьж хөгжил ойртуулж байгаа нь сайн хэрэг боловч тухайн газар орны онцлого хүн ардын амжиргааг бодолцолгүйгээр тооцоо судалгаа, зураг төсөл дутмаг энэ мэт ажлууд нь эргээд хүний эрүүл аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөөр байна.

Мөн өөр тулгамдаад байгаа асуудлуудын нэг бол Баянгол суманд байгаль орчны эсрэг үйлдэж буй гэмт хэрэг зөрчил даамжирсаар байна. Дурдвал:Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг тэсэлгээний компани нь шилжилтийн гол зам болох Загдалын гол дээгүүр жижиг гүүр барьснаас болж өвөлдөө энэ гүүрний орчим халиа тошин үүсэж, хавар гэсэлт нь удааширч загасны нүүдлийн замыг боогдуулан загас жараахай хэдэн саяараа голын эрэгт үхсээр байна.Тус Сумын иргэн Дагвадорж болон тэдний гэр бүл хэр чадлаараа зах зухаас нь авран хамгаалж, хувин түмпэнгээр загас жараахайгаа зөөж их голд тавих ажлыг сүүлийн жилүүдэд авч байна. 2024.5.16