Жил бүрийн 6-р сарын 17-ны өдрийг Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр хэмээн НҮБ-аас тодорхойлсон байдаг билээ. Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “ Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцийг баталсан.

Энэ конвенцид манай улс 1996 онд нэгдэж, Монгол Улсын Засгийн Газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна.

2030 он хүртэл дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудын 15 дугаарт “Хуурай газрын экосистемийг хамгаалах”-аар улс орон бүр зорилт тавьсан.

  6-р сарын 17-ны Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан  МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч. Хонгорзул МБОИЗ-өө төлөөлөн СХД-ын 3-р хорооны иргэдийн дунд  “Хог хаягдалгүй хороо” өдөрлөг зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгөөр гэр хорооллын айл өрх, иргэдэд зориулж хөрсний бохирдол, хог хаягдлын талаар зөвлөгөө өглөө.

Тус өдөрлөгт  ХААИС-ийн багш дэд профессор доктор  Л.Даваа ирж лекц уншлаа. Мөн СХД-ын 3-р хорооны  Засаг дарга Б.Соёл-Эрдэнэ, хэсгийн ахлагчид, хорооны иргэдийн төлөөлөл болон МБОИЗ-ийн гишүүн «Орчны удирдагч» ТББ-ын Гүйцэтгэх захирал  С. Баярсайхан нар оролцлоо. “Хог хаягдалгүй орчин”сэдэвт хөгжөөнт тоглоом тоглож гар урлалын үзэсгэлэн гаргаж, хог хаягдлыг хэрхэн зөв зүйтэйгээр ашиглаж болох талаар ярилцсан үр өгөөжтэй өдөрлөг боллоо.