Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглосонтой холбоотойгоор Нийслэлийн Байгаль Орчны Газраас хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3000-4000м3 хар шороог олборлож ирсэн. Хар шорооны олборлолт хийгдсэн тохиолдолд нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч маш удаан хугацаанд нөхөгдөж бүрэлдэн бий болдог онцлогтой байгалийн үнэт баялаг юм.
Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр цэцэрлэгжүүлэлт болон ногоон байгууламжийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа боловч байгалийн шавхагдах баялаг болох хар шорооны нөөц барагдаж цаашид ашиглах, олборлох боломжгүй болж байна. Хар шороог ногоон байгууламжид ашиглаж байгаатай холбогдуулан зөвшөөрөлгүй газар ухаж олборлох хууль бус үйлдлүүд өсөн нэмэгдэх болсон. Ингэснээр газрын хэвлийн нөхөн сэргээлт орхигдож, үржил шимгүй шар шороон хөрс бий болж ургамлан бүрхэвч доройтон хавар, намрын улиралд шороон шуурга үүсэх, тоосжилт бий болох нэг үндсэн шалтгаан болж байна.
Холбогдох яамд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хар шороон хөрсийг орлуулах шинэлэг арга аргачлал, технологийг туршин нэвтрүүлээд байна. Барилга, хот байгуулалтын яамтай хамтран Төв цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан бордоо гаргах төслийг “Ховд тул” ХХК, “Эко тайхи” ХХК-иуд хэрэгжүүлж, уг бордоог Нийслэлийн Байгаль орчны газраас хэрэгжүүлж буй ойжуулалтын төслүүдэд ашиглаж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шинэлэг технологийн дагуу цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжид ашиглах бордоог хүнсний хаягдал, үртэс, сангас, бууц, малын яс, лагаас гарган авах технологи амжилттай нутагшиж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэр нь хаягдлыг баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах, орчны доройтол үүсгэж буй эх үүсвэрийг доройтол бууруулах арга технологи болгон хувиргах, хэрэглэгчид хар шорооны ашиглалтаас татгалзаж, байгалийн гаралтай бордоонд шилжихэд чухал ач холбогдолтой.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт НБОГ, дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Тохижилт үйлчилгээний компаниуд, “Эко тайхи” ХХК, “Монголын экологийн бордоо” ХХК, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.