Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн гишүүн байгууллага болох “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-ын 2017-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурал 2019 оны 11-р сарын 01-ний өдөр ЦУНБХТөвийн хурлын их танхимд боллоо.
“Хөгжилд хүрэх түншлэл” ТББ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, байгаль орчинд хор хөнөөлгүй арга туршлагыг ашиглах замаар нөхөрлөлүүд өөрсдийн орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгох, нөхөрлөлүүдийг хамтран ажиллаж, хамтдаа түншлэн хөгжихөд дэмжлэг үзүүлэхийн төлөө зорьж ажилладаг.
“Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-ыг анхлан санаачлагч, дэмжигч байгууллага нь НҮБ-ын Даян дэлхийн байгаль орчны жижиг төслийн хөтөлбөр бөгөөд байгаль орчин, ой, ойн санг хамгаалж ирсэн 400 гаруй нөхөрлөл, бүлэг, ТББ-уудыг зорилго, чиглэл, үйл ажиллагаагаар нь нэгтгэж Хөгжилд хүрэх түншлэл сүлжээ нэртэйгээр Иргэдийн экологийн боловсрол сангийн дэргэд 2012 оны 10-р сард анх санаачлан байгуулж, өнөөдрийг хүртэл аргазүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн. 2014 оны 11-р сард гишүүддээ үйлчилдэг ТББ болж бие даан үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Ногоон хөгжилд оруулж буй хувь нэмэр, хийсэн ажил, бусад гишүүн байгууллагуудаа манлайлан ажиллаж буйг нь үнэлж “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-ыг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн “Ногоон од” медалиар шагналаа. Мөн Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн Ажлын алба хурал зохион байгуулах ажилд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн.
Өнөөдрийн хуралд “Хөгжилд хүрэх түншлэл” ТББ-ын гишүүн байгууллага болох 8 аймгийн 40 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирж хурлын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцон, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцаж байна.