ЗАГАС АГНАХЫГ ХОРИГЛОЛОО.

0
1313

Амьтны тухай хуулийн 9.2.8-д загасыг үржлийн үед нь агнахыг хориглосны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглодог. Иймд БОАЖЯ-наас энэ хугацаанд загас агнахгүй байхыг иргэдэд анхаарууллаа.

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг ялгаатай тогтоосон байдаг.

Тухайлбал: Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20 хүртэл, Буйр нуурын загасыг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1 хүртэл, омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30, зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас дараа оны 1 дүгээр сарын 30, Алтайн сугас загасыг 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31, бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглодог ажээ.

Хэрэв хориглосон хугацаанд амьтныг агнасан, барьсан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 300 нэгж хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.