БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га  ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмлээ.

Шинэчилсэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрсхүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ.  

Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр ойн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд дунджаар ордог байсан 3 тэрбум төгрөг  хамгийн багадаа 3 дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн өсвөр, залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоожээ. Тухайлбал, зургаан метрээс дээш өндөртэй шилмүүст модны нэг бүрийн үнэ 350000 төгрөг байсан бол одоо 977130 төгрөг болж байгаа юм.

Мөн ойд хууль бус үйл ажиллагаа явуулсан нөхцөлд Байгаль хамгаалах тухай хуульд заасны дагуу ойн экологи-эдийн засгийн нийт үнэлгээг 3 дахин нугалсантай тэнцүү хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулах тул хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлагыг өндөрсөж, тэдгээрийг таслан зогсооход томоохон алхам болно гэж үзэж байна.

Харин мод бэлтгэхэд мөрдөж байгаа хөнгөлөлтүүд хэвээр байхын зэрэгцээ импортын мод, модон материалыг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн тул дотоодын  зах зээлд үнийн хөөргөдөл бий болохгүй юм.  

Эх сурвалж: БОАЖЯ

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хавар, намрын цэцэрлэгжүүлэлт, тохижилтод зориулан ойгоос мод шилжүүлэн суулгахдаа заавал зөвшөөрөл авч ажиллахыг зөвлөж байна.