Өнөөдөр Олон улсын стандартын өдөр,
Монголын стандартчилалын өдөр.
Дэлхий даяар 2020 оны 10 сарын 14-ны өдрийг “Эх дэлхийгээ стандартаар хамгаална” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.
Хүн төрөлхтөний хөгжлийг даган бий болсон бүх төрлийн үйлчилгээ-үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь хүлэмжийн хийг ихэд нэмэгдүүлсээр уур амьсгалын өөрчлөлтийг бий болгон экосистем, амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөөр байна.
Хүн амын хурдацтай өсөлт, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөнд хязгаарлагдмал нөөц баялгаа хариуцлагатай ашиглахыг олон талаар анхааруулсаар…
Байгаль орчинд хүний үзүүлж буй сөрөг нөлөөллийг зөв арга хэрэгсэлд тулгуурласан, улс төрийн зоригтой тодорхой шийдэл бууруулж чадна гэж дэлхий даяар үзэж байна. Тэрхүү зөв арга хэрэгсэлийн нэг нь дэлхий даяар улс орнуудын баримтлан мөрдөж буй Олон улсын стандарт юм. IEC, ISO, ITU-ийн боловсруулсан олон улсын стандартууд нь тулгамдсан бэрхшээл асуудлыг шийдвэрлэх бодит шийдлийг харгалзан үздэг баримт бичгүүд байдаг. Зөвхөн ISO-ийн байгаль орчин, эрүүл мэндийн хамгаалал, аюулгүй байдал гэсэн ангилалд өнөөдрийн байдлаар 1900 орчим батлагдсан стандарт мөрдөгдөж байна.
Манай улсад байгаль орчны салбарт шууд хамаардаг үндэсний 396 стандарт мөрдөгддөг. 2012-2019 онд БОАЖЯ-аас санаачилан 71 стандартыг шинээр болон шинэчилэн боловсруулж батлуулжээ.