УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ 2021

0
880

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос танилцуулсан “Уур амьсгалын өөрчлөлт 2021” тайланд хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс зайлсхийх боломжгүй талаар дурдахдаа дараах таван асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Үүнд:

1. Хүний үйл ажиллагааны улмаас дэлхийн уур амьсгал эргэлт буцалтгүйгээр дулаарсан.        Хүн төрөлхтөн нүүрс, газрын тос болон бусад түлшийг шатааж эхэлснээр 1750 оноос дэлхийн агаар мандалд ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж өнөөдөр үр нөлөө нь дэлхийн бүх бүс нутагт мэдрэгдэж байна.

2. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар шинжлэх ухааны үндэслэл, судалгаа, дата мэдээлэл, уур амьсгалын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох загварчлал улам бүр сайжирч байна.

3. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл нь засгийн газруудын зүгээс хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээнээс үл хамааран ойрын 30 жилийн хугацаанд үргэлжлэхээр байна.                                                                                                               Дэлхийн агаарын дундаж температур XIX зуунаас хойш Цельсийн 1.1 градусаар нэмэгдсэн ба энэхүү дулаарал наад зах нь энэ зууны дунд үе хүртэл үргэлжилж, дэлхий даяар ажиглагдаж буй ган гачиг, хэт халалт, гамшигт аадар бороо, үер гэх мэт үзэгдэл хамгийн багадаа ирэх 30 жилийн хугацаанд улам бүр нэмэгдэх эрсдэлтэй байна. Грийнланд болон Баруун Антарктидын асар том мөсөн бүрхүүлүүд наад зах нь энэ зууны эцэс хүртэл хайлж, далайн түвшин дор хаяж 2000 жилийн турш нэмэгдэх төлөвтэй байна.

4. Уур амьсгалын өөрчлөлт маш хурдацтай явагдаж байна.                                                                   Сүүлийн зуун жилийн туршид илэрч буй уур амьсгалын өөрчлөлт нь урьд өмнө байгаагүй огцом өөрчлөлт болохыг энэ удаагийн тайланд онцлон дурдсан ба үүнээс сүүлийн 40 жилд өөрчлөлт маш хурдацтай явагдаж, өмнөх жилүүдээс илүү дулаахан болсоор байна. Тухайлбал, агаар мандалд ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж сүүлийн 2 сая жилийн аль ч үеийнхээс их, Арктикын зуны сүүл үеийн далайн мөсний хэмжээ сүүлийн 1000 жилийн өмнөхтэй харьцуулахад багассан, мөн 2006 оноос хойш далайн түвшин нэмэгдэх хурд бараг хоёр дахин өсч, газрын гадарга дээрх агаарын халуун урсгал 1950 оноос хойш мэдэгдэхүйц халсан байна.

5. Хүн төрөлхтөнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах боломж байсаар байна.                   Тус тайланд уур амьсгалын ирээдүйн хандлагыг 5 загварчлалаар тодорхойлсон бөгөөд дэлхийн дулаарал зууныг дуустал үргэлжилнэ. Гэхдээ хүлэмжийн хийн ялгарлыг эрчимтэй бууруулж, шингээлтээс давуулахгүй байлгаснаар 2050 он гэхэд дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг Цельсийн 1.5 градусаас бага зэрэг бууруулах боломжтой боловч энэ хувилбарыг хэрэгжүүлэхэд дэлхийн улс орнуудаас их хэмжээний хөрөнгө оруулалт, улс төрийн хүчин чармайлт шаардлагатай байна. Эх сурвалж: www.ipcc.ch