Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга Алтангэрэлийн Доржсүрэн 2022 оны 1-р сарын 28-ний өдөр  БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР шагнагдаж бидний эгнээнд дахин нэг Гавьяат нэмэгдлээ.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ ажилтан А.Доржсүрэн таньд МБОИЗ-ийн тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд,  ажлын алба болон бүх гишүүн байгууллагуудынхаа нэрийн  өмнөөс халуун баяр хүргэж байгаль орчноо хайрлан хамгаалж хадгалах, өвлүүлэн үлдээхийн төлөө хийж буй үйлс бүр тань саад тотгоргүй сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл өргөе.

А.Доржсүрэн нь МБОИЗ Төв аймаг дахь салбар зөвлөлийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байна.

Салбар хариуцан ажиллах хугацаандаа бодлогын төвшинд аймгийн нутаг дэвсгэр дээр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, нөхөрлөлүүд ТББ-дад төр засгаас байгаль орчны талаар дэвшүүлэн тавьж байгаа бодлого зорилтууд, байгаль орчны хууль дүрмүүдийг хэрэгжүүлэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачлагыг дэмжин туслах, өөр хоорондын ажлын уялдаа холбоог зохицуулах, зөвлөн туслах, сургалт сурталчилгаа, мэдээллийн ажлыг хамтран явуулахаас гадна аймгийн иргэдийн нийтийн хурал, засаг даргын хэмжээнд байгаль орчны чиглэлээр гаргаж байгаа шийдвэрт санал бодлоо тусгуулах, төсөв, төсөл болон хөтөлбөрөөр хийгдэж байгаа ажлуудын хэрэгжилт, гүйцэтгэл, үр дүнг дүгнэхэд оролцох зэргээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Үйл ажиллагааны хувьд товч дурдвал : Ойн зөрчлийг багасгах таслан зогсоох ажлыг онцгойлон авч үзэж ойн нөхөрлөлүүдийг байгуулж, ойг эзэнтэй эзэмшилтэй болгох хамгаалах, сургалт сурталчилгааг санаачлан явуулж сумдын захиргаадтай хамтран ажилласнаар аймгийн хэмжээнд ойн нөхөрлөлүүдийг олноор байгуулсан. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд гарч байсан ойн их хэмжээний зөрчил буурч зохих үр дүнгээ өгсөн.

 Бүх нийтээр мод тарих, ойжуулалт, ногоон байгууламжийн ажлыг явуулахад анхаарч иргэдэд мэргэжлийн мэдлэг чадамж олгох сургалт сурталчилгааны арга хэмжээг өргөн далайцтай явуулж, мод тарих аргачлал зөвлөмжийг боловсруулан гаргаж хэвлүүлэн,  түгээн ажилладаг.

Төрийн бус байгууллагуудынхаа чадамжийг дээшлүүлэх сургалтуудыг цаг алдалгүй авч зохион байгуулж гишүүд ТББ-гуудаа мэдээллээр ханган ажиллаж ирсэн туршлагатай ахмад гишүүдийн нэг билээ.