Мод тарих өдрөөр ахмадуудаа хүлээн авлаа

0
660

 Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн мод тарих ажлаа 2022 оны 10-р сарын 09-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан хийлээ.

  “Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, ажлын алба, 70-аас дээш насны ахмадуудтайгаа хамтран Бумбатын рашааны эх дээр нарс мод тарилаа.

Баруун салаанд байх Бумбатын рашааныг сүйтгэж барилга барихаас хамгаалан МБОИЗ-ийн гишүүн байгууллага Лхагвасүрэн тэргүүнтэй “Амьд байгаль” ТББ олон жилийн өмнөөс хашаалж, хамгаалж мод бут сөөг тарьснаар маш олон төрлийн ургамал, бүр улаан номд орсон нэн ховор ургамал ч хашаан дотор нь ургах болсон билээ. Хамгаалж хашаалах нь эргээд байгаль өөрөө сэргэх, нөхөн төлжих маш зөв алхам гэдгийг “Амьд байгаль” ТББ-ын үйл ажиллагаанаас харж болно. Хамгаалалтын газартаа нийт 3 удаагийн урамал тооллогыг Чихэр өвсний гэж нэрлэгддэг ургамал судлаач Я.Дашжамцтай хамтран хийсэн байна.

Тус хамгаалалтын бүсэд байрлах  Бумбат амралт сувилалын газарт МБОИЗ-ийн 70-с дээш насны ахмадууддаа хүндэтгэл үзүүлж хүлээн авах үйл ажиллагааг ч зохион байгууллаа.

Ахмадууд маань ойн техникч, физикч, агнуурзүйч, хурандаа, эдийн засагч, ургамал судлаач, сэтгүүлч, яруу найрагч, шүхэрчин гэх мэт докторууд голцуу салбар салбартаа хийж бүтээсэн, хийж бүтээсээр байгаа хүмүүс. Буурлуудынхаа үг сургаалийг сонсож, цаашдын ажилдаа хүлээн авч, хэрэгжүүлэн дагах, санаа бодлыг нь сонсоно гэдэг их завшаан юм.

“Байгалийг хайрлаж, хамгаалж буй хүн хэзээ ч муу явдаггүй юм, буян заяа үргэлж түшдэг юм шүү. Тууштай бөгөөд зоригтой байгаарай” гэж аминчлах захина. Тууштай зорилготой зоригтой байхын ухааныг харуулсаар буй тэд минь одоо ч байгалийнхаа төлөө эгэл даруухнаар хөдөлмөрлөж яваа баатрууд билээ.