БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон дэд сайд Г.Түвдэндорж болон БОАЖ-ын яамны газар хэлтсийн дарга нар, МБОИЗ-ийн удирдлагын багтай байгаль хамгаалал, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж цаашид байгаль орчны тулгамдсан олон асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.
Холбогдох хууль эрх зүйн орчин, байгаль орчны хамгаалал, цаашдын төлөвлөлт гэх мэт тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн ярилцлаа.
Тус уулзалтын үеэр орон нутагт ажилласан МБОИЗ-ийн баг нөхцөл байдлыг танилцуулж, Өвөрхангай, Баянхонгор,Архангай аймгуудын асуудал дээр БОАЖЯ анхаарал хандуулах боллоо. Мөн Хөвсгөл аймаг дахь Аспайр Майнинги уурхайн талаар асуухад, байгаль орчинд нөлөөлөх байлын нарийвчилсан үнэлгээг нь баталж өгөөгүй гэдгээ салбарын удирдлагууд мэдэгдлээ.
МБОИЗ 6 асуудал бүхий санал тавьсан бөгөөд Сайдын санал болгосон 2 асуудлыг нэмж олон чиглэлээр, өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцож хамтарсан АЖЛЫН ХЭСЭГ байгуулав. Монголын байгаль орчны төлөө нэг үнэт зүйлтэй тул ойлголцоход хялбар байлаа. БОАЖЯ сайд Б.Бат-Эрдэнэ Ноён уулнаас “Сентэрра Голд” ХХК-ний кемпийг яаралтай нүүлгэх шийдвэр гаргаж, Гол Мөрөн Ойн Санг хамгаалах хуулийн, дагаж мөрдөх журмыг дахин сэргээж батлуулах тал дээр ч хамтрах нь чухал гэдгийг онцлов.
Уулзалтад БОАЖЯ-ны төлөөлөл сайд болон дэд сайдаас гадна,
- Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат
- Усны бодлого зохицуулалтын газрын дарга Уранчимэг
- Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Батзаяа
- Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Цогтсайхан
- Байгаль орчин үнэлгээ, аудитын хэлтэс
- Усны газрын дарга Ш.Мягмар
- Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн дарга Бүдээхүү болон бусад алба, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд оролцлоо.
МБОИЗ-ийн хувьд байгаль хамгаалал нэн тэргүүнд байх бөгөөд тэр дундаа Монгол улсын үнэт баялаг, хүний оршихуйн амин чухал эрдэнэ оршихуйн үндэс болсон УС-ыг хамгаалах ажилд илүү анхаарч ажиллах болно.