БАЙГАЛЬ ДЭЛХИЙДЭЭ ХАРГИС ХАНДАХ НЬ ЭРГЭЭД МУУ ҮЙЛИЙН ҮРТЭЙ

0
635
Байгаль орчин бол бидний амьсгалах агаар, уух ус, гишгэх газар, идэх хүнсний эх үүсвэр болсон амьдралын эх булаг билээ. Гэтэл хүн төрөлхтөн  сүүлийн жилүүдэд зөвхөн ахуйгаа дээшлүүлэх гэж ашиг олох зорилгоор байгаль дэлхийдээ хэтэрхий харгис хандаж ирлээ. Үүний тод нэгэн жишээ бол өнөөдөр Монгол орны маань газар нутгийн 80 орчим хувь ямар нэг байдлаар цөлжин доройтож зэрлэг ан амьтдын тоо толгой өдрөөс өдөрт багасан, орон нутаг болон Улаанбаатарт байгаль орчноос үүдэлтэй гамшигт үзэгдлүүдийн тоо нэмэгдсээр байна.

Иймээс өнөөдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлэн хийд, МБШ-ны дээд сургуулиас санаачлан ШУА-ын Биологийн хүрээлэн, Нийслэлийн Байгаль орчны газар, Зэрлэг ан амьтан судлах, хамгаалах төв, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл,  NABA интернейшнл, Азийн буддистуудын энх тайвны бага хурал, Монголын сүсэгтний холбоо, МУ-ын ан амьтны эрх хамгаалах нийгэмлэг зэрэг байгаль орчны төлөө ажилладаг газрууд нэгдэн “БУРХАН БАГШИЙН СУРГААЛААР ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЦГААЯ” өдөрлөг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах тэр дундаа зэрлэг амьтдын хууль бус агнуурыг хязгаарлах, тэдний мах, арьс, эд эрхтний худалдаа наймааг зогсоох, амьдрах орчин, уух усыг нь хамгаалах, ашиг мөнгө олж л байвал амь таслахыг юмын чинээнд тооцдоггүй харгис сэтгэлгээг халах зорилготой гэнэ.

Тус үйл ажиллагаанд МБОИЗ-ийн УЗ-ийн гишүүн Б.Цогзолмаа: Монголд тулгарсан  өнөөдрийн байгаль орчны асуудлуудад иргэдийн оролцоо чухал болсон үндэслэл тоо баримтуудыг дурдлаа. Түүнчлэн нэн яаралтай “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д 2015 онд өөрчлөлт оруулж хуулийн өөрчлөлтийг сэргээх шаардлага болоод Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хууль хэрэгжихгүй байгаа зэрэг асуудлуудад иргэн бүр хараа хяналттай оролцох талаар уриалав.