ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТАЛААРХ НОГООН ПАРЛАМЕНТЫН ХУРАЛДААН

Газрыг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх харилцааг байгаль орчныг хамгаалах асуудлын хүрээнд цогцоор нь авч үзэх зайлшгүй шаардлагатай юм. Шинэ хуулийн төслийн 2.1-д “Газрын ерөнхий хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ” гэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг Газрын ерөнхий хуультай нийцүүлэх тухай ойлголт явж байна. Одоо явж буй энэхүү багц хуулийн төсөл нь байгаль орчны багц хуулиудтай зөрчилдөх, байгаль хамгааллыг дордуулсан, аялал жуулчлалын хөгжлийг дэмжих, эдийн засгийг тэтгэдэг тусгай хамгаалттай газар нутгийн хамгаалалтыг сулруулсан, орон нутгийн онцлогоо хамгаалсан тусгай хэрэгцээний газар нутаг гэх ойлголтыг үгүй хийсэн, мөн малчдад төдийгүй уламжлалт мал аж ахуйн соёлд халтай, хүний эрхийг зөрчсөн Газрын багц хуулийн төслийг эсэргүүцэж байна. Зарчим болон агуулгын хувьд эхнээс нь дахин хэлэлцүүлж, эрх ашиг нь хөндөгдөх нийт хүмүүсийн саналыг авах ажлыг үе шат, зохион байгуулалттайгаар бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл -ийн Ногоон парламент багц хуулийн төслийг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.