Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн чуулган

0
460

Цэвэр Агаар – Ази, Номхон далайн бүсийн Дээд түвшний чуулга уулзалт 2023 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдлаа. Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл -өөс Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогзолмаа, Гадаад харилцаа, олон нийт хариуцсан мэргэжилтэн А.Даваажаргал нар оролцов. Энэхүү дээд түвшний чуулга уулзалт нь 2026 онд манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг угтаж хийж буй ажлын нэг юм.

Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, экосистемд ихээхэн нөлөөлдөг бөгөөд хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байна. ДЭМБ-аас 2021 онд шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт дурдсанаар гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой 7 сая нас баралт жил бүр бүртгэгдэж байна. Эдгээр нас баралтын дийлэнх нь (2/3) нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүс нутагт бүртгэгдсэн нь эдгээр бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын хурдацтай өсөлттэй холбоотой байгааг ДЭМБ-аас тогтоосон байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт, хурдацтай хотжилттой холбоотойгоор агаарын бохирдол эрс нэмэгдсээр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын гишүүн орнууд АНДЭЗНК-ын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар чуулганаар агаарын чанарын менежментийг сайжруулах, агаарын чанарын хяналтыг хөнгөвчлөх, нээлттэй мэдээлэл солилцох, сайн туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлуудыг хамарсан Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг дэмжих үүднээс Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр нь одоо байгаа олон талт хамтын ажиллагааны санаачилга, тэдгээрийн холбогдох шинжлэх ухааны хороодыг бэхжүүлэх, ашиглах шаардлагатайг онцолсон. Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр нь шинжлэх ухаан, техникийн үйл ажиллагаанд салбарын экспертүүдийг оролцуулсан Техникийн ажлыг хэсгээр дамжуулан үндсэн оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэхийг зөвлөсөн.

Үүнтэй холбоотойгоор, тус чуулга уулзалт нь хамтын ажиллагааны чиглэл, хэлбэрийг улам боловсронгуй болгох, дэд бүсийн санаачилгуудын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, мэдлэг, ур чадварын суурийг бий болгох замаар Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

Зорилго, зорилтууд

  • Агаарын чанарын менежментийг сайжруулахад шинжлэх ухаан, бодлогод суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон талт, бүс нутгийн болон үндэсний оролцогч талуудад Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах
  • Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлого, техникийн хамтын ажиллагааны чиглэл, арга хэлбэрийг боловсронгуй болгох
  • Цэвэр агаарын талаарх улс орнуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор агаарын бохирдлын асуудлаар олон талт болон олон улсын хамтын ажиллагааны механизмуудын түншлэлийг хөгжүүлэх
  • Олон талт болон олон улсын хамтын ажиллагааны механизмын ажилд Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн оруулах хувь нэмрийг хэлэлцэх
  • Агаарын чанарын стандарт болон мэдээ баримттай ажиллах ажлын хэсгүүдийн хэлбэрийг тодорхойлох зэрэг болно.