ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМАЛ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

0
885

Байгалийн ургамал, амьтныг хамгаалах, зохистой ашиглах, тэдгээрийн үнэ цэнийг таниулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассемблейн 68 дахь хуралдаанаас жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхыг уриалсан. Монгол Улс “Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр”-ийг 10 дахь жилдээ тэмдэглэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил “Зэрлэг амьтан, ургамал хамгаалах түншлэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.​ Энэ жилийн тэмдэглэлт өдөр нь “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци”-ийн 50 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Өнөөдрийн байдлаар Монгол орны ургамлын аймагт 7000 гаруй зүйл ургамал бүртгэгдээд байгаагаас нэн хязгаарлагдмал тархацтай, устах аюулд өртсөн 133 зүйл ургамлыг, тархац нөөц багатай, устаж болзошгүй 356 зүйл ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулиар нэн ховор болон ховор ургамлын жагсаалтад оруулан хамгаалж байна.

Амьтны аймагт 145 зүйл хөхтөн, 513 зүйл шувуу, 78 зүйл загас, 6 зүйл хоёр нутагтан, 23 зүйл мөлхөгч тус тус бүртгэгдсэнээс тархац нутагтаа тоо толгой нь эрс цөөрч устах аюулд өртсөн 31 зүйл амьтныг, устаж болзошгүй 74 зүйлийн амьтныг Амьтны тухай хуулиар нэн ховор болон ховор амьтны жагсаалтад оруулан хамгаалж байна.

Манай улс Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцид 1993 онд, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци”-д 1996 онд тус тус нэгдэн орж өөрийн орны ховордсон амьтан, ургамлын зүйлийг олон улсад хийгдэж байгаа хууль бус худалдаанаас сэргийлэхээс гадна бусад улс орны хувьд ч ховордсон зүйлийг хамгаалахад туслах үүрэг хүлээсэн. Монгол Улсаас энэ конвенцийн I, II 19 зүйл хөхтөн, 72 зүйл шувуу, 8 зүйл ургамал, 2 зүйл загас, 1 зүйл мөлхөгч багтсан байдгаас нэгдүгээр хавсралтад 5 зүйл хөхтөн, 14 зүйл шувуу бүртгэгдсэн байна. via: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл