Тус зөвлөлийн ээлжит хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах зорилгоор өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг сав газрын усны менежментэд тусган хэрэгжүүлэх, удаан хугацаагаар хуурай байх жилүүдийн уур амьсгалын онцлог, Дэлгэрмөрөн, Шишхэд голуудын ус зүйн онцлог, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мөрдөх зэрэг сэдвээр эрдэмтэн, судлаачдын үнэтэй мэдлэгийг хуваалцсан үр дүнтэй арга хэмжээ болов.
Хөвсгөл аймаг нь гадаргын усны сүлжээ ихтэй, усны 7 сав газарт хуваагддаг бөгөөд Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газар нь 43,686.3 км2 талбайг хамарч, аймгийн нутаг дэвсгэрийн 43 орчим хувийг эзэлдэг. Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газрын нийт голуудын нийлбэр урт 19,356 км, голын сүлжээний нягтшил 0.43-0.57 км/км2, сав газрын 95 хувьд цэвдэг хөрс тархсан, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эхийн 11.2 хувийг эзэлдэг, улсын болоод дэлхийн цэнгэг усны нөөцийн онцгой ач холбогдолтой сав газар юм.
Иймээс сав газрын онцлогт тохирсон усны нөөцийн нэгдсэн менежментийг эрдэмтэн судлаачид, орон нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, иргэд, ус ашиглагчид, төрийн бус байгууллага, сав газрын захиргаа, сав газрын талуудын оролцооны зөвлөл зэрэг олон талын оролцоог хангаж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газрын талуудын оролцооны зөвлөл нь 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/305 дугаар тушаалаар анх байгуулагдан, сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих, олон талын оролцоог хангах үүргийг хэрэгжүүлж байна.
Зөвлөлийн ээлжит хуралд урилгаар “Ус хөгжил ирээдүй төв” төрийн бус байгууллагын тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Г.Долгорсүрэн, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Цэрэн, “Монголын Байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, доктор Ж.Оюунмаа, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн хэлтсийн дарга, доктор Э.Баяржаргал, “Ойт хээр нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Пүрэвдаш, “Хүн байгаль” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Сайнбаяр нар оролцлоо.