Жил бүрийн 3 дугаар сарын эхэнд тэмдэглэдэг “Дэлхийн зэрлэг амьтдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “ХОЙД МОГОЙН ГОЛ ТЭЭЛИЙН ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ, ХУУЛЬ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН САЙН ТУРШЛАГА” хэлэлцүүлгийг Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг нь Ханнс-Зайделийн Сан, Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд МБОИЗ-ийн тэргүүн Г.Галтайхүү, гишүүн Т.Цэрэн нар оролцож байна.
Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг нь зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах зорилготой “Моголын экологийн цагдаа: дэлхийн жишгээр ажиллаж, нутгийн иргэдтэй түншлэх нь” төслийг хэрэгжүүлэн дуусаж байгаа бөгөөд төслийн үр дүнд байгаль орчныг хамгаалах үүрэгтэй хууль сахиулах байгууллагууд иргэдийн оролцоотой хамтран ажилласнаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй үр дүнтэй тэмцэж, ойт хээрийн бүсийн экологийн тэнцвэрт байдлыг сэргээсэн сайн туршлагатай болсон билээ.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэхэд нэгэн зорилготой ажиллаж байгаа хууль сахиулах байгууллагууд, орон нутгийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч хяналт, хууль сахиулах үйл ажиллагааг иргэдийн оролцоотой хэрэгжүүлсэн сайн туршлага, төслийн үр дүнг хуваалцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бие биеэсээ суралцах, санал солилцох боломжтой.