УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ- ДЭЛХИЙН ДУЛААРАЛ

0
36

Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хүнд асуудал бол дэлийн дулаарал. Дэлхийн эдийн засгийн хямрал, аливаа нэг дайн дажинг хүн төрөлхтөн ямар нэгэн хэлбэрээр даван туулж чадна. Харин олон сая жилтийн туршид бүрэлдэн бий болсон байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдвал дахин эргүүлэн авах боломжгүй. Иймээс уур амьсгалын талаар хүн бүр ойлгох хэрэгтэй.Тухайн газар нутагт ажиглагдаж байгаа агаарын хэм, салхи , чийгшил, манан бороо цас гэх мэт агаарын шинж байдлыг цаг агаар гэж нэрлэдэг ба харин тухайн газар оронд олон жилээр хэвшин тогтсон цаг агаарын олон жилийн дундаж нөхцлийг уур амьсгал гэнэ.

Уур амьсгал нь тухайн газар нутгийн газар зүйн байршил, тухайлбал далай тэнгисээс алслагдсан байдал, өндөршил ой ургамлын бүрхэвчийн байдал зэргээс хамаардаг.

Мөн: • Нарны идэвхжил ба нарны цацрагийн эрчим • Дэлхийн ногоон бүрхэвч буюу ой, ургамлын бүрхэвчийн хэмжээ • Агаарын найрлаганд зохистой хэмжээнд байх ёстой нүүрсхүчлийн хий (CO2) намгийн хий (CH), азотын дутуу исэл (N2O), озон (O3) зэрэг нэгдлүүдийн хэмжээнээс хамааран өөрчлөгддөг байна.

Учир нь эдгээр хийнүүдийн агаарын найрлаганд эзлэх хувь харьцангуй бага байдаг бөгөөд дэлхийн агаарын хэмийг хэвийн хэмжээнд байлгахад чухал ач холбогдолтой. Хэрэв эдгээр хийнүүд байгаагүйсэн бол дэлхийн гадарга дээрх агаарын дундаж хэм одоогийнхоос -33.2 градус хэмээр хүйтэн байх байжээ.

Дэлхийн агаар мандал нь дэлхийн гадаргын дулааны горимд чухал үүрэгтэй. Харамсалтай нь дэлхийн хүн амын өсөлт, аж үйлдвэрлэлийн эрчимжилт, байгалийн нөөцийн хэт ашиглалтаас болж агаар мандалд байгаа нүүрс хүчлийн хий, намгийн хий, азотын дутуу исэл озон зэрэг нэгдлүүдийн хэмжээ өөрчлөгдөж эхэлжээ. Үүнийг хүлэмжийн хийн нөлөө хэмээн нэрлэдэг.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газрын хоорондын мэргэжилтний хорооны 2007 онд нийтлэн гаргасан үнэлгээний 4 дэх тайланд “XX зууны үеэс дэлхийн дундаж температур өссөн гол шалтгаан бол хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн агууламжийн ихсэлтээс шалтгаалсан нь маш өндөр магадлалтай байна” гэж цохон тэмдэглэсэн байдаг.

Дэлхийн дулааралд нөлөөлж буй гол хүлэмжийн хийнүүд нь нүүрсхүчлийн хий, метан буюу намгийн хий, азотын дутуу исэл, фторт-нүүрс-устөрөгчийн хийнүүд юм. Нийт хүлэмжийн хийн: -Нүүрсхүчлийн хий 76.7 хувийг; -Намгийн буюу метан 14.35 хувийг; -Азотын дутуу исэл 7.9 хувийг; -Фторт- нүүрс- устөрөгчийн хийнүүд 1.1 хувийг тус тус эзэлж байна.

Нүүрсхүчлийн ялгаралтыг нэмэгдүүлэхэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд: • Ой модыг хэт ихээр ашиглах; • Бэлчээр ба ургамлан нөмрөгийг талхлах доройтуулах; • Үйлдвэрлэл, халаалт болон авто машинаас их хэмжээгээр ялгарч буй нүүрсхүчлийн хий ; • Малын тоо толгой хэт ихээр өсөх зэрэг ордог байна.