МАЗААЛАЙ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ӨДӨР
Монгол улсад жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайг хамгаалах өдөр тохиодог.
Говийн эзэн, дэлхийд нэн ховор мазаалайн тоо толгой 2000-аад оны эхээр 20 орчим, 2010 онд 25-30, 2020 оноос хойш 30 гаруй, сүүлийн үнэлгээгээр ойролцоогоор 40-50 орчим гэсэн тоо байна.
Мазаалай бол Монгол орны биологийн олон янз байдлын бэлгэ тэмдэг, үндэсний бахархал юм.
Шинжлэх ухаанд Ursus arctos gobiensis хэмээх нэршлээр бүртгэгдсэн мазаалай нь хүрэн баавгайн говийн дэд зүйлд хамаардаг. Тэд Монголын өмнөд хэсэгт орших “Говийн Их Дархан Цаазат Газар”-ын А хэсгийн нутагт амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн хуурай, эрс тэс уур амьсгалтай бүсэд дасан зохицсон цөөн тооны хөхтөн амьтдын нэг юм.
Мазаалай нь бусад хүрэн баавгайтай харьцуулахад биеэр арай жижиг, цайвардуу хүрэн өнгөтэй, урт сарвуу, өргөн тавхайтай. Гол төлөв ургамлын гаралтай тэжээлээр хооллодог ч шавж, жижиг амьтан, сэг зэм идэх нь бий. Усны нөөц хомс говийн нөхцөлд баянбүрд, булаг шандын орчимд төвлөрөн нутаглах нь элбэг. Сүүлийн жилүүдэд мазаалайн тоо толгой цөөн хэвээр байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, ган зудын давтамж, усны эх үүсвэрийн ширгэлт, хүний үйл ажиллагааны нөлөөлөл зэрэг хүчин зүйлс тэдний амьдрах орчныг хумьж байна. Иймээс мазаалайг хамгаалах асуудал нь зөвхөн нэг амьтныг аврах төдий бус, говь, цөлийн эмзэг экосистемийг бүхэлд нь хамгаалахтай салшгүй холбоотой юм.





