Ж.Оюунмаа. МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Биологийн ухааны доктор, Ургамал судлаач: Аян замын тэмдэглэл -1
Алтайн өвөр говийн бут сөөгний тухай өөрийн дүгнэлтээ та бүхнэтэй хуваалцья.
Алтайн өвөр говьд заггүй газраар бут сөөг бүхий цөл үргэлжилнэ. Энд бут сөөг дангаараа буюу нэг газарт 2-3-аас зүйлээс илүүгүй ургадаг аж.
Бидний явах замд Улаан бударганат, Шар бударганат, Улаан сухай-загт, Зээргэнэт, Сибирь хармаг-загт, чонон хармаг-улаан сухайт, улаан бударгана-баглуурт гээд олон янзын хэв шинж ээлжлэн тохиолдов.
11-р сарын дундуур цөлийн ургамал ногоон, улаан, шар өнгөө хадгалан байх нь их говийг чимж, улам үзэсгэлэн төгс харагдуулж, сэтгэл татна. Шүүс, шим нь ч хэвээрээ.
Эдгээр бут сөөг хол хол зайтай сийрэг ургах ч нэг ургамал үндсээрээ эргэн тойрныхоо хэдэн м газарт хөрсний чийгийг татан барьж байх шидтэй.
Ургамлын навч шүүслэг учир бас ихээхэн хэмжээний усыг хуримтлуулж, түүнийг идсэн амьтад ангаа цангаагаа тайлж, өдөр хоногийн зайтай байгаа бүрдний ус руу тэр бүр гүйгээд байх шаардлагагүй амин хэрэгцээгээ хангах аж.

Цөөн тоотой, сийрэг ургамалтай учир үнэ цэнгүй, ач холбогдолгүй нутаг учраас зам тавьж, боомт нээгээд суурьшлын бүс болгочиход гарзгүй утгатай юм УИХ гишүүн О.Амгаланбаатар яриад байсан.
Тэгвэл энэ цөлд нэг ширхэг ургамал тухайн орчиндоо өөрийн үүргээ гүйцэтгэж байдаг. Ургамал, мод нь сийрэг, цөөн тоотой ч их цөлийг цөл чигээр байлгахаар байгалиасаа зохицон, дээрээ байгаа амьдралын хэрэгцээг хангадаг байна.

Цөлийн эдгээр цөөн тоотой ургамлыг шүтэж, онцлог чанарт нь дасаж зохицсоны хүчинд мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт, бөхөн, аргаль гээд Дэлхийд ховор, Монголын унаган амьтад одоо үеийг хүртэл анх үүссэн нутагтаа үлдэж хоцроод байгаа билээ.
Унаган төрхөөрөө байгаа цөл нутгаа сүйтгэчихээд цөлжилтийн эсрэг арга хэмжээ авна гэж юу байх билээ.


