Дархан газрын ой тохиов.

Эрдэмтэн мэргэдийнхээ эхлүүлсэн гэгээлэг ажлыг дүүргэхээр МБОИЗ шүхэрлэн бидний хэсэг нөхөд “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэсэн Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.2.8 дахь заалтыг эргүүлэн татуулахаар хүч, хүсэл зорилго нэгдэн хөдөлгөөн өрнүүлсээр яг жилийн нүүрийг үзэж байна.

Бидний зүтгэлийг иргэд олон нийт дэмжиж, хамтран санал нэгдэж, анх удаа 33,000 иргэний саналаар Улсын Их Хуралд ажлын хэсэг байгуулагдсан ч өнөөдрийг болтол шийдвэр гаргаагүйд бид итгэл тавин хүлээж, харж байна.

Зүгээр ч нэг харсангүй ГИДЦГ тэр дундаа А хэсэг хаана байдаг ямар онцлогтой, ямар газар болох талаар судлагааны үндэслэлтэй мэдээ мэдээллүүдийг сошиал сувгуудаар дамжуулан олон нийтэд түгээсээр, бас УИХ-н гишүүдэд ч албан бичиг тайлбар хүсэлтээр хамтатган хүргэсээр байна.

Цаашлаад боомтын эрсдэлээс гадна Алт-3, “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай” хуулийн нэмэлт өөрчлөлт гээд нэрээ сольж дүрээ хувилгасан аюул заналууд Тусгай Хамгаалалттай Газар Нутагт нүүрлэн, төдийгөөс өдий хүртэл хамгаалалтад аван энэ зэрэгтэй байгаа газар нутгуудад гар хүрэх гэж улайрагсадын эсрэг боломжит ажлуудаа хийсээр л байна.

Тэгэхдээ Бидний эхлүүлэн үргэлжлүүлж буй “No-naransevstei-boomt” хөдөлгөөний үйл ажиллагаанд талархан биднийг урамшуулсан нэгэн сайхан зүйл нь ГИДЦГ-н түүхт 50 жилийн ойн арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэсэн хамгаалалтын захиргаадаас 50 жилийн “Хүндэт тэмдэг”-ээ багт илгээсэн явдал байлаа.

Баярлалаа та бүхнийхээ итгэлийг дааж зүтгэлийг хамтатган тээсээр бид хичээх болно. Хамтдаа сайхан мэдээ сонсох цаг удахгүй бизээ.

@no_naransevstei_boomt хөдөлгөөн

You May Have Missed