“МОНГОЛ ДАХЬ ДЭЛХИЙН УСНЫ ХАГАЛБАР ГАЗАР НУТГИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ”хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулах урьдач хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
“Монгол дахь дэлхийн усны хагалбар газар нутгийг хамгаалах тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулах урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Урт нэртэй хууль буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүсийг хамгаалах ихээхэн чухал хуулийн үзэл санаа, цар хүрээг илүү өргөн хүрээнд багтаах зорилго бүхий уг хуулийн төсөлд эрдэмтэд, хуульчид, төрийн болоод иргэний нийгмийн байгууллагынхан санал бодол, мэдээллээ солилцсон чухал арга хэмжээ болов.
“Монгол дахь дэлхийн усны хагалбар газар нутгийг хамгаалах тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлүүдийг нэгтгэх, эрдэмтэд, хуульчид, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хоорондоо мэдлэг мэдээлэл, санал солилцох зорилготой уг арга хэмжээнд олон талын оролцоог хангахыг зорьсон нь энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог байв.
Хэлэлцүүлгийг нээж МБОИЗ-ийн тэргүүн Г.Галтайхүү хэлсэн үгэндээ МБОИЗ-ийн алсын харааг дурдан тэр дундаа амьдралын эх булаг болсон Чандмань эрдэнэ Ус-аа хайрлахад хууль эрх зүйн орчинд хэрхэн тусгах талаар товч хөндлөө.
Хэлэлцүүлгийн илтгэгч нар:
МБОИЗ-ийн УЗ гишүүн Ц.Мөнхбаяр:
-“Монгол дахь дэлхийн усны хагалбар газар нутгийг хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулагдах болсон үндэслэл, шалтгаан
Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн Дарга А.Дашцэрэн:
Цэвдаг ба Ус
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр
ЗГХА Ойн газрын Ахлах мэргэжилтэн Ж.Алтангадас:
“Монгол орны ойн сан”
TNC зөвлөх П.Магсаржав
“Хөвсгөл аймгийн усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн зураглал, үр дүн”
Эдийн засгийн шинжээч: Б.Анунжин, С.Цацрал
“Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийн бусад улсуудын бодлого, туршлага” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж илтгэл танилцуулав.
Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэгч нараас асуулт асууж, тус хуулийн хэлэлцүүлгийн үзэл баримтлалд зөвшилцсөн саналаа тусгахаар хэлэлцэж байна.
МБОИЗ-ийн тэргүүн Г.Галтайхүү: Аливаа хуулийг үнэхээр хэрэгтэй хууль эсэхийг иргэний нийгмийн байгууллагынхан хөрсөн дээр нь мэдэрч, сануулж өгдгөөрөө ач холбогдолтой.
Усны газрын дарга З.Батбаяр: Гол мөрнийг хамгаална гэдэг зөвхөн байгаль орчны, нутаг орны асуудал биш ирээдүйн асуудал юм.
Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Б.Батсайхан: Гол нууруудаа хамгаалахад иргэний нийгмийн оролцоо чухал.




