Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.ЛХАГВАСҮРЭН:

-Хувь зохиолын эрхээр би хилчин болж төрсөн. Хил дээр алба хааж, өдий зэрэгтэй яваа маань ч хилийн ач буян. Надад Говь-Алтай аймгийнхаа Алтайн хязгаарыг дөрвөн жил хамгаалах боломж олдсоныг нэр төртэйгөөр гүйцэтгэж байлаа. Манай Говь-Алтайн хил бол давтагдашгүй өвөрмөц, онцгой сайхан байгальтай. Монгол Тахийн шар нуруунаас эхлээд Хонин усны говь, Цэнхэр Номингийн говь, Атас, Ингэсийн өвөр бэл, Халхын өмнөд овоо хүртэл үргэлжилдэг энэ сайхан газар нутгийг эртнээс эхлээд өнөөг хүртэл хамгаалан ирсэн Алтайчуудаараа би бахархаж, хайрладаг. Хилийн түүхийг уншаад судлаад үзэх юм бол Алтай нутгийн ард түмэн энэ их нутгийнхаа төлөө, эх газрынхаа төлөө олон зууны турш тэмцэж ирсэн бахархам, гайхам түүхүүдтэй таарна. Зарим нэг хүмүүс гайхаж, энэ их эзгүй цөлөөр юугаа хийдэг юм, юуг нь хамгаалдаг байна аа гэж ярьж явахтай таарч л байлаа. Амь нас, цусаараа хамгаалж ирсэн энэ нутаг бол бол Монголын ирээдүйн том өв. Алс хэтдээ барж идэхгүй баялаг. Манай өвөг дээдэс өдий хүртэл хамгаалж, хойч үедээ үлдээсэнд нь бахархаад баршгүй. Улсын хилтэй байна гэдэг эргээд тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болдог. Би 18 настайгаасаа эхэлж хилийн манаанд явж, хил дээр зогсож өнөөдрийг хүртэл хилээ хамгаалж, ярьсаар явна. Хойч үедээ эх орноо хэчнээн ихээр хайрлана, дархан хилээ төдий чинээ сайн хамгаалдаг юм аа гэж хэлэх байна.

#Save_greatgobi

You May Have Missed