УИХ-н Дарга Д.АМАРБАЯСГАЛАН-д ӨРГӨХ БИЧИГ БАРИЛАА.
Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл болон Хавтгай Мазаалай, Их говио хамгаалах ТББ, эрдэмтэн судлаачид, оюутан залуус хамтран Алтайн өвөр говь, ГИДЦГ-аа энэ хэвээр авч үлдэхээр нэгдэж 2024 оны 12 сарын 12-нд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэсэн хэсгийг хасуулах тухай тодорхой асуудлаар “Ажлын хэсэг байгуулах”-ыг хүссэн цахим өргөдлийг Монгол Улсын Их Хурлын Нийтийн өргөдөл гомдлын системд хуулийн дагуу байршуулсан билээ.
Тус өргөдөлд 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23:00 цагийн байдлаар Монгол Улсын 33 058 иргэн цахим гарын үсэг хугацаандаа зурж дээрх асуудлыг УИХ-д ажлын хэсэг байгуулж тухайн асуудлыг 2 талаас хэлэлцэх нөхцөл бүрдлээ.
Хуулийн дагуу ажлын хэсэг байгуулах шаардлагыг өнөөдөр Ерөнхийлөгч , УИХ дарга, Ерөнхий сайд, байнгын хороод, БОУАӨ Сайд нарт хүргүүллээ.
Тухайн ажлын хэсгийг яаралтай байгуулах, ажлын хэсэгт олон талын оролцоог хангах, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд, мэргэжлийн байгаль орчны чиглэлийн хуульчдыг оролцуулах гол шаардлагыг бид тавьж байна.
УИХ-д ажлын хэсэг байгуулах хүсэлтийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт хүргүүлсэн нь иргэдийн оролцоо, иргэдийн үгийг төрд хүргэх томоохон алхам юм.
Энэ нь УИХ-ын түвшинд шийдвэр гаргахад нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.


