Ж.Оюунмаа: МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Биологийн ухааны доктор, ургамал судлаач: Аян замын тэмдэглэл -3

БАЙГАЛЬД ХЭРЭГГҮЙ ЮМ ГЭЖ БАЙХГҮЙ. Нарансэвстэйн боомт нээхээр зам тавих гэж буй Их говийн Дархан Цаазат Газар оршин байдаг Алтайн өвөр говиор аялах замдаа хар сайр чулуугаар хучигдсан 20 гаруй км урт, 10 гаруй км-ийн өргөн зурвастай тааралдав.

Үүнийг нутгийнхан Хар сайр гэдэг гэнэ. Нөгөө О. Амгаланбаатарын сарны гадаргуу шиг амьдралгүй, хамаад устгаад хаячихад гарзгүй нутаг хэмээн зарлаад байгаа газар бололтой.

Харин судлаачийн хувьд Би энэ газрыг говь цөлийн жинхэнэ амь нь юм байна гэж дүгнэснээ хуваалцья.

Учир юу гэвээс аль тэртээх нүүрсний галавын үеэс үлдэж хоцорсон төмөр магний хольцтой энэхүү хүрмэн чулуу нь далайн ёроолд усанд элэгдэн мөлийж, ус нь ширгэж, хуурай газар үүсэхэд дээр нь хучиж, завсар хооронд нь чигжиж байсан элс шаварлаг хурдас нь салхинд хийссээр хүнд жинтэйгээрээ энэхүү чулуунууд нь гадаргууг бүрхэн үлджээ.

Яагаад энэ чулуун бүрхүүл хэрэгтэй гэж …

Уг чулуулаг доор нарийн ширхэгт хөнгөн шавранцар, тоосонцор хөрс хучигдан оршиж байгаа. Эдгээр хар чулууг бүрхэвч нь:

1. Доороо байгаа хөнгөн шавранцар хөрсийг салхинд хийсэхээс хамгаалан хучиж байдаг.

2. Доорх хөрснийхөө чийгийг барьж, ууршилтаас сэргийлж байдаг.

3. Хөрсийг нарны хэт халалт, хуурайшилтаас хамгаалж байдаг.

4. Сүүдэр үүсгэж, цөлийн хэт халуунд хаана орохоо мэдэхгүй амь тэмцэж яваа зарим мөлхөгч, шавьж, хорхой, микроорганизмыг хаалтлан хамгаалж байдаг.

5. Жижиг амьтад шавьжны орон байр, амьдрах орчин болж байдаг.

Энэхүү хар чулуун бүрхэвч доор хир амьдрал буцалж байна, түүний хирээр ургамал ургаж, цөлийг бүрхэх бэлтгэл ажил явагдана. Цөл газар ургамалтай бол бидний хамгаалах гээд байгаа том амьтад, нөгөө мазаалай, хавтгй, хулан тахь, бөхөн зээр гээд тос амьтад хоол тэжээл, амьдрах газартай болох нь мэдэж.

Хэдэн арван сая жил ийм л байсан, хэн ч ашиглаж байгаагүй, одоо ч ашиглахгүй учир хэнд ч хэрэггүй хэмээн гарзанд гаргах гээд байгаа нутгийг яагаад энэ чигээр нь байлгах хэрэгтэй гэж?

– Хөрсийг бүрхсэн хар чулуу нь маш нимгэн ганцхан давхрагатай бөгөөд нэг удаа машин техник явахад л чулуунууд доошоо шигдэн, ул мөр нь арилахгүйгээр үлдэн хоцордог байна. Зарим жижиг дайрганцар чулуутай газрын хөнгөн шаварлаг хөрс бол дээш урван ил гарч ирдэг байна.

Доор оруулсан зургаас 25-30 жилийн өмнө явсан гинжит тракторын мөр, өнөөг хүртэл шинэ юм шиг хадгалагдан байгаа, мөн зам төөрөөд хэн ч яваагүй газраар бидний ганцхан удаа явсан мөрийг харж болно.

– Энэ хар чулуун доорх хөрс нь эртний далайн ёроолд байсан лаг шаварлаг хурдсаас тогтох учир маш нарийн ширхэгтэй буюу ихэнх нь 0,01мм-ээс илүү нарийн ширхэгтэй ажээ /Д.Доржготов, 2003/. Алтай өвөр говьд жилийн 60 гаруй хоног нь 5м/сек салхитай байдаг байна. Ийм салхинд дээр нарийн ширхэгт тоосонцор хөрс дээш хөөрч, газрын гадаргуугаар явган шуурга байдлаар шууран хийсч байдаг.

Алтайн өвөр говьд 15м/сек-ээс дээш салхитай хоногийн тоо жилд 30-аас давах аж. Ийм хурдтай салхинд нарийн ширхэгт тоосонцор хөрс хэдэн арваас хэдэн зуун км хол зөөгдөж, хэдэн зуугаас хэдэн мянган м дээш хөөрдөг байна. Энэ өгөгдлөөс харахаар Алтай өвөр говьд жилийн 100-аас дээш хоног нь ямар нэгэн хэмжээгээр шороон шуургатай байна гэсэн үг.

Эндээс л бидний энэхүү цөлийг хэвээр хадгалах гээд байгаа санаа ойлгогдоно.

1. Цөлжилтөөс хамгаалах, түүнийг сааруулах гэсэн зорилго тавьчихсан манай улсын хувьд зүв зүгээр байгалийн жамаараа оршин байгаа хөрсөө элээж, ил гаргаж, шар шороон түйрэн босгочихоод, үүнээсээ хэрхэн яаж хамгаалж, ямар арга хэмжээ авах юм бэ.

2. Монголын шар шороон шуурга, Хятадын Бээжин орлоо, Солонгосын хойг хүрлээ гээд л бусдын амаар газар газар ярьж, сүйд болоод байдаг биз дээ. Тэгсэн атал энэхүү хөнгөн хөрсний хучаасыг хуулаад, шар шороон түйрэн босгочихвол нөгөө Хятад, Солонгос ахдаа юу гэж хэлэх билээ. Тэднээс мөнгө гуйж, бас хамгаалах, багасгах арга заалгах уу.

3. Хэдий чинээ хөрс хуурайшина, хэдий чинээ хөрс суларч, тоос босно, тэр хэмжээгээр цөлжилт тэлж, Монгол орны газар нутгийн 75%-д хүрээд байгаа гэгдэх цөлжилт хойшоогоо тэлэн ухарч, хэмжээ нь нэмэгдэх бус уу. Доройтлын үйл явцыг өөрсдөө санаатайгаар өдөөх хэрэг байнга уу.

Эндээс дүгнэж хэлэхэд дархан ч бай, дархан бус ч бай Алтайн өвөр говийн цөмд байгаа хар чулуун хучаастай хэсэгхэн газар нь говь цөлийг хамгаалах амин сүнс юм шүү гэсэн өгүүлбэрээр бичлэгээ төгсгөв.

Доорх зургуудыг нарийвчлан харвал нөгөөх ховор амьтад нь гүйж л яваа шүү.

Байгаль эх хэрэггүй юм бүтээгээгүй ээ

You May Have Missed