Энэ жил Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд Дэлхийн усны өдрийг 2018 оны 3-р сарын 22-ны өдөр “Байгальд ээлтэй ус ашиглалт” уриан доор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Ойн хүрээнд усны нөөцийг ашиглах, хамгаалах шийдлүүдийг гэрэл зургийн аргаар харуулах, сурталчлах зорилгоор “Ус ба байгаль” уралдааныг Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ), Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл (МБОИЗ)-өөс хамтран 3-р сарын 22-оос нэг сарын хугацаатай зарласан юм.

Уралдаанд 16 гэрэл зурагчид оролцож, 89 бүтээл ирүүлсэнээс 1-р байрыг С.Чинбат “Говьд усны үнэ цэнэ хөдөлмөрлөсөн хөлснийхөө дусал бүр шиг үнэтэй”, 2-р байрыг Э.Харцага “Туул голыг бүтэн жил дурандсан нь”, 3-р байрыг Н.Сүхбат “Гангар хунгийн чуулдаг Дуут нуурын ус татарсаар…” бүтээлээр тус тус эзэлсэн юм. Ялагчдыг тодруулах ажлын хэсэгт БОАЖЯ, МБОИЗ-ийн зохион байгуулагчид, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл “Гамма” агентлагийн захирал С.Цацралт, Монголын Урчуудын Эвлэлийн зураач Д.Бадам нар оролцож уралдааныг дүгнэлээ.

Ялагчдын шагналыг 2018 оны 6-р сарын 5-ны өдөр буюу Дэлхийн байгаль хамгаалах өдрөөр БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Цогтсайхан, Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ, гүйцэтгэх захирал Ч.Хонгорзул, мэргэжилтэн Б.Саяхүү нар гардуулж талархал илэрхийллээ.

Уран бүтээл тус бүрийн тайлбар, уран сайхны илэрхийлэл нь усны нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэсэн байна. Цаашид уралдаанд шалгарсан гэрэл зургуудыг “Дэлхийн Усны Өдөр” www.worldwaterday.org олон улсын байгууллагын усны цомогт илгээж олны хүртээл болгох юм.

 С.Чинбат: Говьд усны үнэ цэнэ хөлмөрлөсөн хөлснийхөө дусал бүр шиг үнэтэй, I байр

Э.Харцага: Туул голыг бүтэн жил дурандсан нь, II байр

Н.Сүхбат: Гангар хунгийн чуулдаг Дуут нуурын ус татарсаар…, III  байр