Жил бүрийн 6-р сарын 17-ны өдрийг Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр хэмээн НҮБ-аас тодорхойлсон байдаг билээ. Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцийг батласан. Энэ конвенцид манай улс 1996 онд нэгдэж, Монгол улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна. Энэ жил Дэлхийн цөлжилтийн өдрийг тохиолдуулан “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.