Жил бүрийн 6-р сарын 17-ны өдрийг Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр хэмээн НҮБ-аас тодорхойлсон байдаг билээ. Дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцийг батласан. Энэ конвенцид манай улс 1996 онд нэгдэж, Монгол улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна. Энэ жил Дэлхийн цөлжилтийн өдрийг тохиолдуулан “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя” уриатайгаар “Газрын доройтлыг тэглэх технологи, арга барил ба хөрөнгө оруулалт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор Г.Нямдаа, ШУА-ийн Ерөнхийлөгч академич Г.Рэгдэг, Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн захирал доктор Д.Баттогтох нар үг хэллээ.
Хэлэлцүүлэг “Хөвсгөл лайк” зочид буудалд болсон бөгөөд БОАЖЯам, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн, НҮБ-ийн Дүйцүүлэн хамгааллын төсөл, ШУТИС, Ногоон хэрэм төсөл, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл болон Академийн эрдэмтэн судлаачид оролцож, нэгдсэн нэг саналд хүрч, цаашид хэрэгжүүлэх зорилтоо тодорхойллоо.