“Сибирь нутгийн дахин сэргэлт” сангаас экологийн бизнесийг дэмжих зуны сургуулийг (ШЭПР) Буриад Улсын Кабанск дүүргийн нутаг дэвсгэрт Улаан-Үүд хотоос 225 км-т орших Байгаль нуурын эрэг дээрх Танхой тосгонд 2018 оны 6-р сарын 21-24 ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд ОХУ-ын 21 баг, Монголын байгаль орчны иргэний зөвлөл \МБОИЗ\-ийн баг гээд нийт 22 баг оролцож байна.
Оролцогчид сургалтын явцад экологийн чиглэлийн төсөл санаачлан хөгжүүлэх эсвэл одоо хэрэгжиж байгаа төслөө сайжруулах, үр дүнг нь нэмэгдүүлэх зорилготойгоор суралцангаа өрсөлдөж байна.
Харин МБОИЗ-ийн баг эхний 2 өдрийн байдлаар оноогоороо тэргүүлж байгааг дуулгахад таатай байна. МБОИЗ нь Баян-Өлгий аймагт хаягдал архины шилийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг санаачлан оролцож байна.
Сургалтын давуу тал нь экологийн чиглэлээр туршлагатай тэргүүний багш нар, бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл сургалт хийж байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгийн хүрээнд явагдаж байна. Ингэснээр иргэний нийгмийн байгууллагыг хөгжүүлэхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгийн сангаас тодорхой төсвийг зарцуулах боломж бүрдэж байгаа ажээ.
Сургалтанд одоо хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслөөрөө бизнес эрхлэгчид Байгаль нуурын экологийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахуйц төсөл хэрэгжүүлэх эсвэл тус бүс нутагт үйл ажиллагаа явуулах сонирхолтой бизнесийн багийнхан оролцож эхний байруудад орсон баг төслийн санхүүжилтээ шийдүүлэх боломж бүрдэхээрээ тус үйл ажиллагааны гол ач холбогдол оршиж байна.
Төслийн багт МБОИЗ-ийн Гүйцэтгэх захирал Ч.Хонгорзул, мэргэжилтэн Б.Саяхүү, Баян-Өлгий аймгийн МБОИЗ-ийн салбар зөвлөлийн тэргүүн Б.Энх-Уянга, Дархан-Уул аймгийн МБОИЗ-ийн салбар зөвлөлийн тэргүүн М.Амарсанаа, Төгөл-Эко клубын чиглүүлэгч багш Н.Чимгээ нар оролцож байна.