Өнөөдөр дэлхийн усны өдөр.

1993 онд ЮНЕСКО-гийн ерөнхий чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны Өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан.

Энэ өдөр тус дэлхийн усны тайлангийн албан ёсны нээлт Энэтхэгийн Шинэ дели хотноо болж байгаагаас гадна дэлхийн улс орон бүр дор бүрнээ зохион байгуулж байна. Манай улсад энэхүү тайлангийн нээлт уржигдар болсон билээ. Уг тайланд дэлхий даяар 750 гаруй сая хүн цэвэр усны гачигдалтай, хөгжиж буй орны усны хэрэглээ 2050 он гэхэд 400 хувиар өсөх тооцоо гарсан байна. Энэ тоон баримт нь хүн төрөлхтний амьдралд ус чухал хэрэгтэй байгааг илтгэж, усыг зөв зохистой хэрэглэхэд хүн бүхний үүрэг оролцоо чухал үүрэгтэй гэдгийг харуулж байгаа юм.

2000 оны НҮБ-ын Мянганы тунхаглалын үеэр Дэлхийн усны хөгжлийн тайланг гаргаж байх шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш гурван жил тутамд, 2012 оноос жил бүр тайлан гаргаж, Дэлхийн усны өдрөөр танилцуулдаг болсон юм.

Өнөөдөр МБОИЗ, Усны төлөө түншлэл ТББ хамтран Чингисийн талбай дээр олон нийтэд зориулан Усны өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн гол зорилго нь усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулахад оршиж байв. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргаа, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэн, хамтран ажилласанд гүн талархал илэрхийлье.

Өдөрлөгийн үеэр усны өдөрт зориулсан “Экологи”сонины дугаарыг олон нийтэд хүргэв. Мөн цуглаанд сайн дураараа ирж нэгдсэн хүмүүс болон зохион байгуулагчид хамтран усны хадгалалт, хамгаалалт, зүй зохистой хэрэглээ, тулгамдсан асуудлуудыг илтгэсэн бичвэр бүхий 200 м урт зурагт хуудас барьж усны дусалын хэлбэр үүсгэн зогсож зураг авалт хийн, гарын үсэг цуглуулав..

Уг арга хэмжээг МҮОНРТВ 13:00-13:10 цаг хүртэл орон даяар шууд дамжуулан оролцогчидоос ярилцлага авлаа.  

Уг арга хэмжээг зохион байгуулахад зориулан хийсэн хэвлэлийн бага хурлын зардал  150 000 төгрөгийг  Усны төлөө түншлэл ТББ, “Экологи” сонины тусгай дугаарыг МБОИЗ-өөс 455210 төгрөгөөр, мөн уг арга хэмжээний үеэр хэрэглэсэн анонсуудыг хэвлүүлэх зардалд зориулан МБОИЗ-ийн УЗ-ийн гишүүн З.Батбаяр 200 000 төгрөг, МБОИЗ-ийн гишүүн ойн инженер Баянбилэг 175 000 төгрөг, Тандан судлаачидын холбоо ТББ 200 000 төгрөг тус тус хандивлаж бэлтгэл ажил хангахад дэмжлэг үзүүлсэн байна.

Ингээд та бүхэндээ өдөрлөгийн үеийн фото сурвалжлагаас хүргэе.