МБОИЗ-ийн Ногоон парламентийн гишүүд 2015 оны 4 сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутагт үйл ажиллагаа явуулж буй Минж нутагшуулах, үржүүлэх төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Минж нутагшуулах нь Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцлийг байгалийн аясаар нь сэргээх, урсацыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Минж нь: Мэрэгчдийн багт багтах амьтдын дотроос хамгийн том биетэй. Монгол улсын Улаан номонд орсон бөгөөд дэлхий дээр 2 зүйлийн минж амьдардаг байна. Манай оронд Ховд аймгийн Булган голд Азийн минж тархсан байдаг.

Минж нь бүлийн зохион байгуулалтаар амьдардаг ба бүлийн бүтцэд эцэг, эх, нэг болон 2 настай минжүүд багтана.

Нас гүйцсэн минжний биеийн жин 16-22 килограмм, биеийн урт 74-86 сантиметр, сүүлний урт 25-30 сантиметр. Төсөл хэрэгжүүлэх нэгж дээр 11 бүл 22 толгой минж үржүүлж байна.

Мөн Тэрэлжийн гол, Заан голуудад ОХУ, БНГУ-аас авч ирсэн минжүүдийг тавьж байгалийн жамаар нь үржүүлж байгаа юм байна.