НҮҮДЭЛЧ МАЛЧДЫН БАЙГАЛИА ХАМГААЛАХ УЛАМЖЛАЛ, ЗОХИЦОЛ БОЛ  ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭС ЮМ

МБОИЗ-өөс нийгэмд хандсан “Таван эрдэнийн орон” зорилтот  төслийг эхлүүлж байгаа МУСТА,  дуучин Ч.Алтантүлхүүрийг дэмжиж хамтран ажиллахаар болж 4 сарын 16-нд Дуучин Ч.Алтантүлхүүрийн “Таван эрдэнийн эх орон” бие даасан уран бүтээлийн тоглолтын үеэр МБОИЗ-ийн “Элч дуучин” тууз өргөмжлөл гардууллаа.

Энэ нь байгаль орчны иргэний нийгмийн нэр хүнд, ажил үйлсийг олон нийтэд суратлчлах, байгаль хамгаалах ажилд олон нийтийн анхаарлыг хандуулах, иргэдийн оролцоог хангах иргэний нийгэм, урлаг соёлын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Хүн төрлөхтний нийгмийн хөгжлийн хурдац, соёл иргэншлийн үсрэнгүй хөгжлөөс хамаарч хүн-байгаль хоёрын хүйн холбоо тасрах аюулд хүрч болзошгүй  байдалд хүрснийг дэлхий нийтээрээ ойлгож энэ аюулын сөрөг нөлөөллийг бууруулах, гарах гарцыг  хайх  аянд аль хэдийн мордсон билээ.

ХХI зуунд дэлхийн улс орнууд зөвхөн байгаль орчиндоо зохицон тогтвортой хөгжинө гэсэн тунхаглалыг 1992 онд Рио-Де-Жанейрод болсон Дэлхийн дээд хэмжээний уулзалтаас дэвшүүлсэн нь хүн төрлөхтний гол уриа, зарчим, тунхаглал болоод байна.

Үүнтэй уялдаж байгаль хамгааллын урьдын ойлголт үндсээрээ өөрчлөгдөж  дэлхий нийтээрээ хүн- байгалийн харилцан шүтэлцээ, жам ёсны үйл явцыг гүнээ ойлгон хүндэтгэж, байгаль орчны туслгамдсан олон талт асуудлуудыг цогцоор нь талуудын оролцоотой шийдвэрлэх, хөгжлийг аль болох экологит халгүй төлөвлөх шаардлага зүй ёсоор тавигдсаар байгаа билээ.

Хүн төрлөхтөн нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн 3 гол багана бол тогтвортой хөгжлийн бүрдэл хэсэг гэж үзэж байгаа бөгөөд байгальтайгаа зохицож, байгалийн хуулийг дагаж  амьдардаг дорно дахины үзэл, философи нь тогтвортой хөгжлийн үндэс болж байна гэж дүгнээд байна.

 Иймээс хүний нийгмийн туулж ирсэн  үйлдвэрлэл, технологи, мэдээллийн  зэрэг эрин үеүүд нь байгаль экологит хамгийн сөрөг  нөлөөтэй хөгжлийг дагуулж харин нүүдлийн соёл иргэншил, өв соёл, амьдралын хэв маяг, түүн дотроо нүүдэлчдийн Байгаль хамгаалах уламжлал нь байгальтайгаа гайхамшигтай зохицож, хамгаалалт нь болж байсныг  судлаачид нь хүлээн зөвшөөрсөн.

Иймээс хүн төрлөхтний байгаль дэлхийдээ хамгийн ээлтэй амьдралын хэв маяг болох Нүүдэлчдийн аж төрөх ёс, өв соёл, байгаль хамгаалах уламжлалыг бүрэн бүтнээр нь өнөөг хүртэл хадгалж, ахуй амьдралынхаа “философи” болгон байгальтайгаа  амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн малчин түмэн, байгаль экологит хамгийн халгүй “үйлдвэрлэл” болох эрдэнэт мал сүргийг зөвхөн төрөөс дэмжих биш, улс төрийн намууд,  иргэний нийгэм, хувийн хэвшил, урлаг соёл, спортын гэх зэрэг бүхий л  салбарынхан дэмжиж  ажиллах нь  эцсийн дүндээ Дэлхий нийтийн Байгаль хамгаалалын үндсэн чиг хандлага болоод буй “Тогтвортой хөгжил” түүн дотроо нүүдлийн өв соёл, ахуй, уламжлалт байгаль хамгаалалыг, залуу үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэсэн үг.

Бид “Тогтвортой хөгжил” гэсэн үзэл санааг “… Хамгийн эрхэм сайхан зорилгод хүрэхийн тулд өвөг дээдсээ, мөн өөрийгөө болон бусдыг, түүнчлэн өнөөдрөө болон ирээдүйгээ  золиослохгүйгээр ажиллаж амьдрах арга ухааныг дээдэлсэн аж төрөх соёл…” гэж ойлгож болно. Ер нь бол Нүүдэлч малчдын байгаль хамгаалах уламжлал, зохицол бол тогтвортой хөгжлийн үндэс гэж бахархалтайгаар хэлэх эрх нь малчин түмэнд бий.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс иргэд, төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах ажлын хүрээнд Монголчуудын уламжлалт байгаль хамгаалал, нүүдэлчдийн хосгүй өв соёл, аж төрөх ёс заншлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажил бол хамгийн их анхаарлаа хандуулах сэдвийн нэг.

Энэ төслийн нийгэм, олон нийтэд хүрэх үр өгөөж нь асар их бөгөөд нүүдэлчдийн байгаль хамгаалах уламжлал, амьдралын хэв маягийг хадгалан өвлүүлж яваа манай малчин түмэн, эрдэнэт мал сүргийг магтан дуулж сэтгэлийн дэм өгч, нүүдэлчид л оршин амьдарч чадах үзэсгэлэнт жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай, төв Азийн энэ сайхан нутагт, байгалийн хатуу  ширүүн, бас хосгүй үзэсгэлэн дунд өрнөдөг малчин түмний амаргүй агаад сонирхолтой хөдөлмөр зүтгэл, нүүдэлчдийн уламжлалыг иргэд, залуу малчдад сурталчлан өвлүүлж  хойч үедээ Монгол бахархалыг бий болгох, нүүдэлч малчдын өв соёл, ахуй амьдралыг “Монголыг харах”  аялал жуулчлалын нэгэн  “цонх  брэнд бүтээгдэхүүн-үзэсгэлэн” болгоход  энэ төслийн зорилго оршиж байгаа юм.

Энэ төслийн хүрээнд байгуулагдсан “Итгэлийн Алтантүлхүүр” сангийн үйл ажиллагаагаар дамжуулан манайхаас тус сантай хамтран, дараахи ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

 Үүнд: -Залуу малчдад зориулсан “Байгаль хамгаалах уламжлал- шинэчлэл” зорилтот сургалтууд зохион байгуулах МБОИЗ-ийн дэргэдэх Эрдэмтэд судлаачдын зөвлөлийн гишүүдийг оролцуулан лекц, ярианы сэдэв боловсруулан, судалгаанууд хийж хэлэлцүүлгүүд зохион байгуулна. Мөн Иргэд малчдын дунд байгаль хамгаалах, нүүдэлч малчдын ахуй амьдралыг, мал сүрэг, байгалийн гоо үзэсгэлэнг магтан дуулсан яруу найраг, уран бүтээлийн уралдаан, Байгаль хамгаалах уламжлалт ёс заншлын сэдэвт Авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээн “АСТ” АХА тэмцээн, малчны хотонд ном хүргэх аян зэрэг шинэлэг ажлуудыг хийх болно.

Олон улсын  “Их засаг” их сургуулийн дэргэдэх “Нүүдлийн соёл иргэншлийн академи” “Малчин телевиз”, “Малчин түмний холбоо”, “Женко” компанийн дэргэдэх “Малчдын  холбоо” Хэнтий аймгийн “Мянгат малчдын холбоо”, Ардчилсан холбооны салбар зөвлөл, “Малчин” компани зэрэг байгууллагуудтай хамтран тусгай төлөвлөгөө гарган ажиллах юм.

Энэ төслийг хэрэгжүүлснээр Засгийн газраас улс орны эдийн засаг хүнд байгаатай уялдуулан байгалийн нөөц баялагийг түлхүү ашиглах, дэд бүтцийн хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хурдацтай эхлүүлэх бодлогыг барьж зохих шийдвэрлүүдийг ойр ойрхон гаргаж байгаа  энэ үед байгаль орчны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ялангуяа, уул уурхай, дэд бүтцийн төслүүдийн сөрөг нөлөөлөлд илүү их өртдөг нутгийн уугуул иргэд, малчдад байгаль хамгаалал, тогтвортой хөгжил, зохилдолгот амьдралын мэдлэг олгох, ахуй амьдралыг  нь дэмжихэд чухал түлхэц болно гэж үзэж байна.