Хүн төрөлхтөн амьдарч байгаа эх дэлхийнхээ нэг жил хэрэглэх ёстой нөөц баялгийг долоон сарын дотор дуусгажээ. Энэ үзүүлэлт жил бүр улам эрчимжиж байгааг эрдэмтэд анхааруулсан байна. Жилийн турш ашиглах ёстой нөөцөө хэзээ дуусгасныг хэлдэг өдрийг “Earth Overshoot Day” хэмээн нэрлэдэг. Уг өдрийг Global Footprint Network байгууллагын мэргэжилтнүүд жил бүр зарладаг юм.
2018 оны нөөцөө дуусгах өдрийг тэд наймдугаар сарын 1 гэж тодорхойлсон байна. Өмнөх жилийнхээс хоёр өдрийн өмнө бид хэрэглэвэл зохих нөөцөө шавхжээ.
Өөрөөр хэлбэл эх дэлхий алдсан нөөцөө сэргээж чадах хурднаас 1.7 дахин илүү хурдтайгаар хүмүүс баялгийг үрж, дуусгаж байна.
Үрэгдэж буй нөөц баялагт биологийн төрөл зүйлүүдийн мөхөл, хорогдол, ой модны багасалт, хөрсний элэгдэл, цэвэр усны хомсдол, агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн нэмэгдэл зэрэг багтдаг.
“Хүн төрөлхтний эдийн засаг Понзи схемээр дэлхий рүүгээ довтолж байна. Бид маргааш хэрэглэх ёстой нөөцөө өнөөдөр хэрэглэж, экологийн өрний гүн ангалд унаж байна” хэмээн тус байгууллагын мэргэжилтнүүд анхааруулжээ.
Тэдний санал болгож буй дэлхийгээ аврах шийдлүүд:
- Дэлхий нийтийн тал нь машин унахаа зогсоож, машинаар туулдаг замынхаа гуравны нэгийг нийтийн тээврээр, үлдсэнийг нь явган болон дугуйгаар туулдаг болох
- Хоол хүнсний хаягдлаа тал хувиар бууруулах
- Махны хэрэглээгээ багасгах. Дэлхийн мал сүрэг хүний бүтээж байгаа хүлэмжийн хийн доод тал нь 9 хувийг үүсгэдэг.
- Хэрвээ дэлхийн айл өрх бүр нэгээр цөөн хүүхэдтэй байсан бол “Earth Overshoot Day” 2050 он гэхэд 30 өдрөөр хойшлох байлаа гэжээ.
Тус байгууллагын мэдээлсэн ганц нааштай баримт нь дэлхий ертөнцөд хамгийн том нөлөө үзүүлдэг Хятадын экологийн нөлөө 2013 оноос 2014 онд 0.3 хувиар буурсан гэнэ. Энэ бол 2000 оноос хойш тасралтгүй өсөж байснаа анх удаа буурсан үр дүн гэжээ. Мөн тус улсын нэг хүнд ноогдох экологийн нөлөө 2013-аас 2014 онд 0.8 хувиар буурсан гэнэ.
Хэрвээ хүн өөрийнхөө байгаль дэлхийд үзүүлж буй сөрөг нөлөөг тооцож харахыг хүсвэл www.footprintcalculator.org сайтад хандаж болох ажээ.
Эх сурвалж: ikon.mn