НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 1945 оны 10 дугаар сарын 16-нд анхны хурлаа хийж үүсэн байгуулагдсан түүхэн өдрийг 1981 оноос “Дэлхийн хүнсний өдөр” болгон дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлэх болсон.
Жил бүр энэхүү өдрийг өлсгөлөн, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хомсдлыг бууруулах, хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн онцлох сэдвийн хүрээнд тухайн сэдэвт төр, олон нийт, хамтын нөхөрлөлийн анхаарлыг хандуулах зорилго агуулан тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн  ядуурлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “МУ-ын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран  зохион байгуулж байгаа юм.

 “Дэлхийн хүнсний өдөр”-ийг дэлхий нийтээр амжилт арвинтай угтаж байна. Энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр” нь НҮБ-ын ХХААБ байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцан тохиож байна.

Дэлхийн улс орнууд сүүлийн хэдэн арван жилд өлсгөлөнтэй тэмцэх үйлсэд бодит дэвшил гаргаж чадсан. НҮБ-ын ХХААБ-аас хийсэн судалгаанаас үзэхэд  129 орны 73 орон 2015 онд хоол  тэжээлийн дутагдлыг хоёр дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрсэн байна.  Мөн хөгжиж буй орнуудад хэт өлсгөлөнд нэрвэгдэж буй хүн амын эзлэх хувь 1990 онд 43 хувь байсан бол энэ онд 17 хувь болж мэдэгдэхүйц  буурчээ.

 Гэсэн хэдий ч дэлхий даяар  800 сая гаруй хүн байнгын өлсгөлөн байдалтай, тэрбум хүн нэн ядуу хэвээр байна. Дэлхийн хэмжээнд ядуусын  80 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдардаг учраас хөдөөгийн ядуурлыг бууруулах асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Нийгмийн хамгаалал нь өлсгөлөн, ядуурлыг  бууруулахад чухал ач холбогдолтой болохыг олон судалгааны дүн нотлон харуулсаар байна. Олон оронд санхүүгийн болон эд материалын тогтмол дэмжлэг үзүүлдэг нийгмийн хамгааллын арга хэмжээ, өөртөө туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж  буй нь ядуу болон эмзэг өрхөд  алс хэтээ харж, ирээдүйгээ төлөвлөх  боломж олгож,  итгэл найдвар төрүүлж байгаа билээ.

Манай улсад ч ядуурлыг бууруулахад чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд  амжилттай хэрэгжиж  байна. “Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ” тайлангаас харахад нийт нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын 56 хувь нь амжиргааны түвшнээс доогуур орлоготой буюу эмзэг бүлгийн өрхийн гишүүдийн 40 хувьд ногддог бол, дундаж түвшний амьдралтай өрхийн 40 хувь нь нийгмийн халамжийн шилжүүлгийн 28 хувийг хүртдэг гэсэн үзүүлэлт гарчээ.  Гэсэн хэдий ч ядуурлын түвшин дорвитой буурахгүй байна. Статистикийн үндэсний хорооны 2014 оны тайланд дурдсан ядуурлын түвшинд 21.6 хувь байгаагаас хөдөөд 26.4 хувь нь ногдож байгаа юм. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай оронд зуд турхан тохиолдсон үед энэ тоо огцом өсдөг болох нь 2009 онд 49.6, 2010 онд бүр 56.1 хувьд хүрч байсан үзүүлэлтүүд харуулж байгаа билээ. Тэр үед олон мянган өрх амьжиргааны гол эх сурвалж болсон мал сүргээ алдаж  хөдөөд ядуурал бодитой нүүрлэж  байсан юм.  Тэгвэл энэ жил ихэнх нутгаар гантай зун болж, ирэх өвөл цаг агаар хүндрэх төлөвтэй байгаа нь биднийг асуудалд анхаарлаа нухацтай хандуулж,  өвөлжилтийн  бэлтгэлээ дорвитой хийхийг шаардаж байгаа юм.