Өнөөдөр БОНХАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны гэрээг хүчингүйд тооцсон байна. Уг гэрээнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнээ нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээнд Монгол улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогын эрх зүйн шинэчлэл, тэдгээрийг хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, хөгжлийн хүн ба биологийн олон янз байдалд хохирол багатай төлөвлөх зэрэг асуудлууд тусгагдсан байна.

Салбарын сайд Н.Батцэрэг гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр :  “Байгаль орчин ногоон хөгжилд хувь нэмрээ оруулдаг та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Мэдээж байгаль хамгаалана гэдэг бол хав дарж суухын нэр биш, зохистой ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээхийн нэр юм. Би та бүхнээс агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдолд дээд зэргээр анхаарал хандуулан, хэвлэл мэдээлэл, холбогдох байгууллагуудтай хамтран, голлон анхаарч ажиллахыг хүсэж байна” гэсэн бол МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ “Хамтран ажиллахдаа туйлын таатай байна. Бид энэ тал дээр чадах бүхнээ дайчлан хамтран ажиллах болно.Бидэнд тулгамддаг нэг асуудал бол байгаль орчны үнэлгээчин, аудитор бэлтгэхэд тавигддаг шаардлага юм. Та үүнд анхаарлаа хандуулж, иргэний нийгмийн байгууллагын өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагажсан мэрэгжилтнүүдийг энэ чиглэлээр чадавхижуулах, сургалтанд хамруулах, бэлтгэх боломж нээж өгнө үү” хэмээн хүссэн юм.

Мөн МБОИЗ-ийн төлөөлөл Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Хурцгэрэл, Ногоон парламентийн гишүүн Г.Туул нар агнуур зүйн бодлого, ТХГН-ийн талаар  баримталж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлж санал солилцлоо.

/БОНХАЖ-ын яам. “ХААН” танхим 2015 оны 10 сарын 20-ны өдөр. 09 цаг 35 минут /