Байгалийн үзэсгэлэн цогцолсон, улаан номд бичигдсэн ирвэсийн өлгий нутаг Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгийн удирдлага, иргэд, “Ирвэс хамгаалах сан” ТББ, байгаль хамгаалагч судлаач агсан Т.Лхагвасүмбэрэл болон МБОИЗ-ийн гишүүд дэмжигчид,  Монголын судлаачидад баяр хүргэе. Энэхүү шийдвэр нь байгаль хамгаалагч бидэнд асар их үнээр олдсон.

Хамтран тэмцсэн бүх хүмүүсийг маань уул усны эзэд лус савдагууд ивээг!

Тост, Тосон бумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн  хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог байна. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн  нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой газар юм.

Экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар нутгаа хамгаалах асуудалд нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгосон байна.

Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч улсын тусгай хамгаалалтанд авлаа.