4 САРЫН 22 ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

0
1481

2009 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг Эх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар болжээ.

Энэхүү өдрийг АНУ-д 1970 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1990 он гэхэд дэлхийн 140 гаруй оронд тэмдэглэдэг болсон байна.

Энэ өдөр дэлхий даяар байгаль орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчинг сайжруулахад иргэд, сайн дурын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн дадал хандлагыг өөрчлөх, байгаль орчноо хайрлан хамгаалах зорилгоор олон төрлийн сэдэвт ажлууд зохион байгуулдаг уламжлалтай.

МБОИЗ-өөс нийт Монголчууддаа хандан ХОГОО ЗӨВ ЗОХИСТОЙ ХАЯЖ СУРЦГААЯ, ДАДАЛ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЦГӨӨЕ гэж уриалж байна.

Хогоо зөв зохистой хаях нь хувь хүний соёл, дадал хандлага, ухамсраас шууд хамаардаг асуудал.

Монголчууд бид гэртээ ч, гадаа гудамжинд ч хог, нус цэр, шүлсээ замбараагүй хаяад сурчихаж.

Автобус унаа хүлээж зогсох хэн нэгэн, Жолооч нар гэрлэн дохион дээр зогсох үедээ, машин жолоодож явахдаа цонхоороо тамхины иш, нус шүлс, хогоо хээв нэг хаясаар л…

Ил задгай хаана ч хамаагүй бие зассаар л…

Хэзээ Монголчууд бид энэ мэт муухай дадал зуршлаа өөрчлөх вэ. Хэн бидэнд зааж сургах ёстой вэ.

Бид хэн нэгэн гадаадын мэргэжилтэн, эсвэл олон улсын төсөл эсвэл ямар нэгэн донор байгууллагууд л бидэнд сайн сайхан бүхнийг зааж сургадаг мэт сэтгэлгээний хоосрол хоцрогдолтой болчихож.

Монголчууд бид өөрсдийнхөө төлөө өөрөөсөө эхэлж өөрчлөлтийг хийж, дадал хандлагаа өөрчилнө. Хүн бүхэн өөр өөрийнхөө хийж буй үйлдлээ хянаж сурах ёстой. Нэг, нэгэндээ шаардлага тавьдаг болж байж бүх нийтээрээ дадал хандлагаа зөв тийш чиглүүлж сурна. Бүгдээрээ дадал хандлагаа өөрчилье.

Хогоо ангилж, зүй зохистой хаяж сурах нь олон талын ач холбогдолтой.

Улаанбаатар хотоос жилдээ нэг сая тонн гаруй, өдөрт 2500-2800 тонн хог гаргадаг байна. Энэ хогны ихэнх нь ангилаагүй, шууд хаядаг нь харамсалтай. Гэрийнхээ хогыг гаргаж хаяхдаа ядаж ундааныхаа савыг тусад нь хаях юмсан гэж боддог хүмүүс цөөнгүй бийг дурдах нь зүйн хэрэг.

Өндөр хөгжилтэй орнуудад хогийг маш сайн ангилж хаядаг олон жишээ бид мэднэ. Японд гэхэд хогийн савыг нэг дор гурав, дөрвөөр нь байрлуулдаг. Ундааны савны хаяг болох гялгар шошгыг хуулан авч, таглааг нь заавал салгаж хаях, цаасан хайрцагтай сүүний савыг заавал угааж, дэлгэж хатаасны дараа хаях ёстой байдаг. Үүний үр дунд дахин боловсруулалтад цаг алдахгүй, байгалиа хордуулахгүйгээр асуудлыг шийддэг байна.

Швейцарь улсад бараг бүх хогийг ангилдаг ба “Хэрвээ та байгаль дэлхийгээ хайрлах юм бол тэр танд гайхалтай хариу барих болно” гэсэн үгийг бараг хүн бүр уриа мэт дагадаг. Өмнөд Солонгост хогийг ангилж хаяхдаа цаас, пластик зүйлс болон гялгар уутны саванд өөр бусад хог хаягдал хийсэн байвал хог ачиж тээвэрлэхээс татгалздаг төдийгүй тухайн айл өрх, албан газарт торгууль ноогдуулдаг байна.

Монголчууд бид ч гадаад орнуудын иргэдийн адил одоохондоо ингэж хогийг бүрэн ангилж чадахгүй байгаа ч гэлээ ахуйн хэрэглээний болон гэрийнхээ хогийг гурван янзаар ангилж хаядаг болоход л эхний ээлжинд хангалттай юм. Хогийн савныхаа хажууд дахиад нэг сав эсвэл уут тавьж, хуванцар сав болон шил, цаас, бусад хог хэмээн гурав ангилахад л байгаль орчинд ээлтэйгээс гадна дахин боловсруулахад дөхөм болно.

Улаанбаатар хотод  одоогоор үйл ажиллагаагаа явуулж буй хог дахин боловсруулдаг 23 үйлдвэр байдаг байна. Тэдгээр үйлдвэрүүд хогийг дахин боловсруулж, иргэдэд хэрэгтэй бүтээгдэхүүн болгон гаргаж, эргэж ашиглах боломж өгдөг. Жишээ нь, Чингисийн талбай дээр байгаа 20 ширхэг сандлыг хаягдал шилээр хийсэн ба бохир хуванцар сав буюу ургамлын тос, шампунийн савыг гялгар ууттай нийлүүлэн хогийн сав, траншейны таг зэргийг хийдэг байна.

Төр засгийн байгууллага, албан газрууд хогоо ангилж хаях тухай нэлээдгүй ярьж, сургалт явуулдаг ч төдийлөн хүмүүст хүрч чадаггүй. Иймээс бүх нийтийг хамарсан кампаничилсан ухуулга, сурталчилгаа хийх, иргэд нэг нэгэндээ шаардлага тавьж сурсанаар мөн иргэн бүр өөрийнхөө хийж буй бүдүүлэг үйлдлээ хянаж сурсанаар насанд хүрэгчидийн дадал хандлага өөрчлөгдөж, “Хотын иргэний заавал дагах ёстой бичигдээгүй хуульд” захирагдаж сурдаг. Мөн хог хаях соёл болон ангилж хаях тухай цэцэрлэг, яслийн багш нар нь, гэртээ ээж ээв, ах эгч нь биеэрээ үлгэрлэн үзүүлж заах нь чухал. Багадаа эзэмшиж сурсан зүйл  насан туршдаа хүнд мартагддагүй тул хүүхэд байхаас нь энэ үйлдлийг сургаж дадлагажуулах нь чухал.

Хог гэж юу вэ?, Хогоо ангилж хаяснаар ямар ач холбогдолтой вэ?, хогоор юу хийж болох вэ зэргийг хүүхдүүдэд ойлгуулан, цаашид хогийг зөв, ангилж хаях талаар мэдлэг олгох ёстой.

ХОГОО ЗӨВ ЗОХИСТОЙ ХАЯЖ СУРЦГААЯ, ДАДАЛ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЦГӨӨЕ