Өнөөдөр МБОИЗ-өөс Соёлын төв өргөөний хойд талд цөмийн хор аюулын талаар нээлттэй хэвлэлийн бага хурал хийв.

Хэвлэлийн бага хуралд оролцогчид цөмийн хор хөнөөл, Монголд тулгамдсан асуудлуудын талаар зурагт хуудас бүхий өмсгөл өмсөж, анонс барьсан байв.

Энэ хурлаар хөндөж тавьсан асуудлууд, агуулга бүхий хэвлэлийн мэдээг сурвалжлага хийсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад тараав.

Хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь хүргэе.

ТУХН-ийн гишүүн орнуудын санаачилгаар НҮБ-ын шийдвэрээр Жил бүрийн 4 сарын 26-нд цацраг идэвхт бодист хордож, сүйрэлд өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэх болжээ. Энэ өдөр Украины Чернобылийн атомын цахилгаан станц /АЦС/ дэлбэрсэн.

Чернобылийн АЦС-ыг 1977 онд ашиглаж эхлэн, 1983 оны 12 сард дөрөв дэхь блокыг нь ашиглалтанд оруулсан юм. 1986 оны 4 сарын 26-нд Чернобылийн АЦС-ийн 4-р блокт дэлхийн түүхэнд хамгийн том, аймшигт цөмийн аваар гарсан билээ.

АЦС-т дэлбэрэлт болох үед агаарт 190 тонн цацраг идэвхит бодис алдагдан, Цөмийн хөдөлгүүрт байсан 140 тонн цацраг идэвхит түлшний 8 тонн нь гадаад орчинд тархсан.

Чернобылийн орчимд байсан хүмүүс Хирошима хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 90 дахин их цацрагийн хордлогод орсон юм.

Дэлбэрэлтийн үед 30 км-ын эргэн тойрон 160 мянган квадрат км талбай бүхий газар цацраг идэвхит химийн бодист хордсон. Нэлэнхүйдээ хордсон газар нутаг дээр 2,6 сая хүн амьдарч байлаа. Дэлбэрэлтийн дараа Украины Припять хотын бүх оршин суугчдийг нүүлгэн шилжүүлэхдээ гэрээсээ юу ч авч явж болохгүй, бүх төрлийн гэрийн тэжээмэл амьтдаа үлдээхийг тушаажээ. Дараа нь хотод үлдээсэн бүх амьтадыг буудаж устгажээ.

Үүний дараа Скандинавын орнуудад цацрагийн хордлого хэдийний тархаж, 40 мянган толгой гэрийн тэжээмэл амьтанг устгаж, Германд мянган тонн сүүг цацрагт хордсон гэж үзээд асгаж байв. Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтийн дараа хорт хавдартай хүмүүсийн тоо, хүн, амьтаны “гаж хөгжилтэй-мутац” ургийн төрөлтийн тоо нэмэгдсэн. Одоо ч төрсөөр байна.

1986 оны 11 сарын 30-нд дэлбэрсэн 4-р блокийн дээгүүр битүү саравч барих ажил эхэлжээ. Дэлхий даяараа энэ төслийг “Саркофаг” гэдэг. Саркофаг доор 180 тонн бага баяжуулсан уран-235, 70 мянган тонн цацраг идэвхит металл, бетон хавтангууд, 35 тонн нийт 2 сая кюри цацраг идэвхит тоосонцор байгаа. 2016 онд “Саркофаг”-ийн ашиглалтын хугацаа дуусна. Гэвч 4-р блокийн дээгүүр барьсан саркофаг нь эвдэрсээр байгаа. Хэрвээ саркофаг нурвал дахин цацраг идэвхит бодис гадагш нэмж, хурдтай алдагдах, тархах өндөр эрсдэлтэй байсаар байна. Чернобылийн АЦС-ын хор хөнөөл гэхэд 25 мянган жилийн дараа л арилах магадлалтай гэж үздэг.

Атомын цахилгаан станцын дэлбэрэлт нь атомын бөмбөгийн дэлбэрэлтээс хэдэн зуу, мянга дахин хор хөнөөлтэй байдаг. Учир нь, АЦС дотор цөмийн урвал хэдэн арван сар жилээр тасралтгүй явагддаг.

Цөмийн тогоонд химийн тасралтгүй гинжин урвалаас ялгаран гарах хор асар ихээр хуримтлагдан, аваар осол болоход олон жил хуримтлагдсан тэрхүү хор дэлбэрэлтээр агаарт цацагдан газар орныг хэдэн зуу мянган жилээр хордуулдаг.

Ийм учраас  МБОИЗ болон Иргэний нийгмийн байгууллагуудаас УИХ-ын гишүүд, ард түмэндээ хандан дараах асуултыг тавьж уриалга гаргаж байгаад Ард түмэн, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Засгийн газар-Та бүхэн анхаарлаа хандуулна уу.

Цөмийн хор хөнөөл, аймшигт аюул, хор уршигт үр дагаварыг нь мэдсээр байж, цөмийн гамшгийн эрсдэлээс хамгаалсан арга, технологи дэлхий даяар хэн ч олж, нээж чадаагүй байхад яагаад “хамгийн ноцтой конвенц”-д нэгдэхээр яаравчилж байна вэ?

УИХ-ын эрхэм гишүүд ээ-Та бүхнийг

  • Саруул ухаанаар энэ асуудалд хандаж, санаачилгыг гартаа авч, яаралтай ажлын хэсэг байгуулаач,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлаа яриач
  • Ард түмэндээ бодит мэдээллээ өгөөч гэж уриалж байна.

Ард түмэн-Та бүхэн төр засагтайгаа зоригтой ярих цаг нь болжээ. Эх орны эзэд нь Монголын ард түмэн. ИНБ бол буруу шийдвэр гаргах үед хамгийн түрүүнд үнэнийг нь хэлж, төр засгаа ташуурддаг-ээж нь аав нь. Яагаад ИНБ-ыг “радикалууд” хэмээн хавтгайруулан нэрлэж, хавчин шахаж, нухчин дарахыг оролдож байна вэ.

Эрхэм УИХ-ын гишүүд, Еөнхийлөгч өө.

Та бүхэн Ард түмнээс сонгогдсон элч төлөөлөгчид гэдгээ санаач. Яагаад та бүхэн ард түмнээсээ айн зугатааж, алсран холдож, Ард түмнээ согтуу, ядуу, мэдлэггүй, мэдээлэлгүй, эв түнжингүй байлгахыг хүсэж байна вэ. Та бүхнийг хөрсөн дээрээ бууж Монголын Үндэсний язгуур эрх ашгийн төлөө ажиллахыг шаардаж байна.