Төв Ази-Кавказийн бүс нутгийн усны түншлэлийн олон улсын бага хурал 2016 оны 9 сарын 26-27-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Уг хурлыг Монголын талаас “Монголын Усны Түншлэл”  ТББ бусад олон улсын түншүүдтэй хамтран зохион байгуулж байна.

Төв Ази-Кавказийн бүс нутгийн усны түншлэлийн бүс нутагт Азербайджан, Армен, Гүрж, Казакстан, Киргиз, Таджикстан, Туркменистан, Узбекстан, Монгол улс хамаардаг. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөнийг усны хомсдолд оруулах томоохон шалтгаан болсон тул Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Шведийн Олон улсын хөгжлийн агентлаг хамтран Дэлхийн усны түншлэлийг /GWP/ үүсгэн байгуулсан түүхтэй.  “Монголын Усны Түншлэл”  ТББ  нь  Дэлхийн усны түншлэлийн гишүүн юм.

“Монголын Усны Түншлэл”  ТББ нь 2013 онд Дэлхийн усны өдөр болох 3 сарын 22-нд байгуулагдсан, 200 орчим гишүүнтэй, төр, хувийн хэвшил, нийгэмд үйлчилдэг болон гишүүнчлэлтэй ТББ байгууллагууд, бие даасан судлаачид, усны салбарын тэргүүлэх эрдэмтэд, төрийн түшээд зэрэг нийгмийн олон төлөөллөөс бүрдсэн усны салбарын түншлэлийг хөгжүүлэх замаар улс орноо хөгжихэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой.

Монголын Усны Түншлэл ТББ-ын тэргүүнээр усны инженер, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт ажилдаг.Удирдах Зөвлөл нь төр, хувийн хэвшил, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрддэг, Тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ШУТИС-ийн профессор, техникийн ухааны доктор Д.Басандорж ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурал усны салбарт эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч, 2010 онд “Ус” үндэсний хөтөлбөр, 2011 Хот суурины усан хангамж, ариутгах татварын ашиглалтын тухай хууль, 2012 онд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталсан. Гэсэн ч усны салбарын үйл ажиллагаа, усны менежментэд дорвитой өөрчлөлт хийх, усны засаглал, институцийг зохистой, хүртээмжтэй, үр дүнтэй болгох, сав газрын усны менежментийг хөгжүүлж, усны салбарын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм.

Төв Ази-Кавказийн бүс нутгийн усны түншлэлийн олон улсын бага хурлаар усны түншлэлийн гишүүн бүх орнуудын усны засаглал, менежмент, дэлхийн усны тулгамдсан асуудлууд болон 2017-2019 онд үндэсний болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тогтвортой хөгжлийн бодлого, зорилтуудтай уялдуулан хэлэлцэж байна.