МБОИЗ ХАНДИВ ӨРГӨВ

0
1304

МБОИЗ-ийн ажлын албанаас 2017 оны 7 сарын 17-18-ны өдрүүдэд ойн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд зориулж хандивын арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар тухай бүр нээлттэй мэдээлж байгаа билээ.

Хандивын арга хэмжээг зохион байгуулах комиссын даргаар “Онон улз” ТББ-ын Тэргүүн Л.Отгонцэцэг, гишүүдээр “Булаг шандны эх хамгаалах сан” ТББ-ын Тэргүүн А.Оюунчимэг, “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын УЗ гишүүн Д.Чинзориг нар ажиллав.

2017 оны 7 сарын 18-ны өдрийн 17:00 цагт хандив цуглуулах комисс уг арга хэмжээг хааж, тайлангаа нэгтгэж, хандиваа БОАЖ-ийн Сайд Д.Оюунхорол, ТЗУГ-ын дарга Х.Батжаргал, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга н.Сарангоо нарт МБОИЗ-ийн Тэргүүн Б.Эрдэнэ, УЗ-ийн гишүүн Д.Гэрэл, Ажлын албаны ажилтан Г.Дэжидмаа нарыг байлцуулан хүлээлгэж өглөө.

Уг арга хэмжээний үеэр БОАЖ-ийн Сайд Д.Оюунхорол “Цаг уурын өөрчлөлт Монгол оронд маш хүчтэй нөлөөлж байна. Гал түймэр гарах олон шалтгаан байгааг тогтоосон. Энэ жил хуурайшилт ихтэй, хур бороо багатай гандуу байна. Өндөр уулархаг газруудаар хүчтэй аянга бууж уулын оройгоосоо эхлэн зарим түймэр гарсан. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нэг.

Үүний зэрэгцээ иргэдийн хариуцлагагүй үйлдлээс болж түймэр гарч байна. Түймэрийг унтрааж цурманд оруулсан ч дахин дэгдэх аюул хэвээрээ байсаар байдаг. Гал түймрийн эрсдэлтэй нөхцөл байдал 11 сар хүртэл үргэлжилнэ. Иймд иргэд, олон нийтийн оролцоотойгоор ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналтын эргүүл гаргах ажлуудыг 11 сар хүртэл зохион байгуулж эхлээд байна. Манай иргэд ялангуяа залуучууд маш хурдтай мундаг ажиллаж байгаа. Ойн түймэртэй тэмцэх ажилд санаачилгаараа оролцсон 40 залуу бол үнэхээр эх орончид гэж бид бүгд бахархаж байна. Гал түймрийг унтраахад Онцгой байдлын албан хаагчдыг дэмжиж, сайн дураараа нэгдэж ажиллаж буй иргэдэд урамшуулал олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн гэв. Мөн тэрээр,

МБОИЗ-ийн хамт олны зүгээс санаачилга гаргаж гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд зориулан босгосон хандивыг гал түймэрийн өндөр эрсдэлтэй болон цурманд оруулсан газруудад эргүүл хяналтаар ажиллахаар зохион байгуулалтанд орсон орон нутгийн иргэд, ТББ-ийн гишүүдэд урамшуулал болгон зарцуулна. Энэ ажлыг МБОИЗ-ийн оролцоотойгоор хамтран  зохион байгуулана. Иймд хаана ямар маршрутаар ажиллахаа яаралтай зураглал, төлөвлөгөө гаргаж танилцуулан ажлаа шуурхай эхлэхийг МБОИЗ-ийн Удирдах зөвлөлд үүрэг болгов.

Энэ үеэр МБОИЗ-ийн Тэргүүн Б.Эрдэнэ, УЗ гишүүн Д.Гэрэл нар: Түймэрт зөвхөн мод бус маш олон том, жижиг зэрлэг ан амьтан, ховор төрөл зүйлийн ургамал шатаж үгүй болж байдаг. Түймрийн үеэр зэрлэг амьтад түймрийн голомтоос зугатааж гарч чадахгүй, угаартаж үхдэг. Иймд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд бүхий л боломжит хэлбэрүүдээр иргэд иргэний нийгмийн байгууллагынхан хамтран ажиллах болно гэв.

Хандивын арга хэмжээний үеэр зохион байгуулах комиссынхон нийтдээ 191 ТББ-тай холбоо тогтоон уг ажлынхаа талаар мэдээлэл өгч ажилласан.

Нийтдээ давхардсан тоогоор 37 байгууллага мөнгөн болон биет хандив өргөв.

МБОИЗ-ийн орон нутгийн салбар зөвлөлүүд болон гишүүдээс 700,000 төгрөгийн мөнгөн хандив цугласан байна. Тусгай зориулалтын ангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд 2017 оны 2-4 сард идэш тэжээл хомсдсон үед зэрлэг амьтан хамгаалах, биотехникийн арга хэмжээ авахад туслах зорилгоор 7000000,00 төгрөгийн сан босгож МБОИЗ-ийн мэдэлд шилжүүлэн тус байгууллагын дансанд  төвлөрүүлсэн юм. МБОИЗ-ийн УЗ гишүүд зөвшилцөн, “ойн түймэрт маш олон зэрлэг амьтад нэрвэгдэн шатаж байгаа, ойн түймрээс урьдчилан сэргийлж байж зэрлэг амьтадаа хамгаална гэж үзэн уг хөрөнгөнөөс 3000000,00 сая төгрөгийг гаргаж хандивлав.

Нэгдсэн дүнгээр МБОИЗ-өөс 3 700 000,00 төгрөг болон биет хандив өргөсөн байна. Хандив өргөх ажиллагааг орон нутагт хамгийн сайн зохион байгуулсан Б.Батчулуун даргатай Баянхонгор аймгийн салбар зөвлөл болон сэтгэл зүрхээрээ хамтран дэмжиж ажилласан нийт хандивлагчиддаа баярлалаа. Та бүхэнд нийт хандивлагчидийн мэдээллийг нээлттэй ил тод хүргэж байна.

МБОИЗ-ийн ажлын алба